Эв найрамдал, энх тайвны бэлгэдэл хэмээн тодорхойлдог ч “Милан – Кортина 2026”-д оролцсон хоёр охиноос болж америкууд талцсан. Гайхалтай хоёр тамирчныг тойрсон талцал нийгмийн сүлжээг ч доргиов.
Фрийстайл цанын тамирчин Эйлин Гу
Тэрээр 2026 оны Милан–Кортинагийн өвлийн олимпод эмэгтэйчүүдийн freestyle halfpipe төрөлд алт медаль хүртэж, өмнөх амжилтаа бататгасан. Ингэснээр Бээжин болон Милан - Кортина олимпоос нийт гурван алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар дэлхийн хамгийн амжилттай фрийстайл цаначдын нэг болов. Зарим америкчуудын цоллосноор АНУ-д төрж өссөн ч БНХАУ-ыг төлөөлөн өрсөлддөг нь түүний талаарх мэдээ бүрийг, амжилт бүхнийг улс төр, үндэсний харьяаллын маргаан дагуулсан сэдэв болгож орхидог нь харамсалтай.
Уран гулгалтын тамирчин Алиса Лью
Алиса энэ өвлийн олимпод эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алт медаль хүртэж, АНУ-ын уран гулгалтын эмэгтэйчүүдийн 24 жилийн “алтгүй” өнжсөн гунигт түүхийн гинжийг тасласан гавьяатай. Үүгээр зогсохгүй багийн төрөлд ч алтан медаль авсан нь түүнийг “Милан – Кортина” олимпын хамгийн онцлох тамирчдын нэг болгосон. Түүний спортдоо эргэн ирсэн түүх, өмнөх “burnout”-оос (ядаргаа, сэтгэлзүйн дарамт) гарч амжилтад хүрсэн замнал олон улсын хэвлэлд эерэг, урам зориг өгөх жишээ болон бичигдсэн. Түүнийг төрөлх нутаг Калифорнид нь баатарлагаар угтан авсан тухай Америкийн дотоодын хэвлэлүүд өнөөдөр ч мэдээлсээр буй.
Эйлин Гу, Алиса Лью дэлхийн өвлийн спортын хамгийн авьяастай тамирчид. Хоёул АНУ-ын Калифорнид өссөн, хятад угсаатай. Мөн аль, аль нь Олимпод хүрэхийн тулд асар их хөдөлмөрлөсөн. Эйлин Гу бол хэрсүү, ухаалаг, гоо үзэсгэлэнт нэгэн бол Алиса Лью өөрийнхөөрөө, өөрийн хүссэнээр амьдралаа ч, өөрийгөө ч бүтээж яваа, баяр хөөрөөр дүүрэн нэгэн. Гэтэл тэднийг хамтад нь алдаршуулахын оронд зарим америкчууд хооронд нь сөргөлдүүлж, эх орноосоо урвагч эсэхийг нь шүүж эхэлсэн.
Сан-Францискод төрсөн Эйлин Гу-ийн ээж хятад хүн бөгөөд Эйлин Америк, Хятадын соёлын аль алинтай нь гүн холбоотой өссөн. Тэр хятад хэлээр чөлөөтэй ярьдаг, зуныг Бээжинд өнгөрөөдөг, ээжийнхээ эх оронтой хүчтэй холбоо мэдэрдэг байв. Тиймээс 2022 оны Олимпод Хятадын нэрийн өмнөөс өрсөлдөх боломж гарахад тэр энэ сонголтыг эргэлзэлгүй хийсэн гэдгээ нуугаагүй. Тэр хэн нэгнээс нууцаар зугтаагаагүй, хэнээс ч урваагүй. Тэр өөрийн хэн гэдгийг мэддэг, хаанаас “угшилтай”-гаа ч андахгүй учир хувь хүний шийдвэр гаргасан…

Хүн төрөлхтөн мянга мянган жилийн турш ийм сонголт хийж ирсэн, цоо шинэ, гайхам зүйл огтхон ч биш. Дараа нь тэр ялсан. Гоо үзэсгэлэнгээрээ, боловсрол мэдлэгээрээ, хөрөнгө чинээгээрээ ч гайхуулсан амжилттай эмэгтэй. Хятадын хэвлэлүүд Эйлин Гу-г “Үндэсний бахархал”, Хятад улсыг төлөөлж ялалт байгуулсан “эх оронч” тамирчин, залуу үеийн үлгэр дуурайлал хэмээн магтан “дэлхийн хэмжээний од, Хятадын спортын шинэ нүүр царай” гэж тодорхойлдог.
Түүнийг хэл соёл, хос иргэншлийн түүхийг эергээр сурталчилж, глобал амжилтын жишээ болгон харуулдаг. Эмээгээ дурсан нулимс унагасан мөчийг “гэр бүлийн үнэ цэн”-тэй холбож бичсэн нийтлэлүүдэд бахархал давамгай байлаа.
Харин Америкт, “Яагаад Хятадыг төлөөлөв?” гэсэн асуултыг тогтмол хөндөн, спортын амжилтаас гадна улс төрийн бэлгэдэл талаас нь авч үзэх нь элбэг. Эйлин Гу-гийн амжилтыг хүлээн зөвшөөрсөн ч улс төрийн өнцгөөс ихэвчлэн хандаж түүний иргэншил, төлөөлөлтэй холбоотой асуудлыг АНУ– Хятад харилцаа болгон дэвэргэх нь бий.
Америкийн өмгөөлөгч, улс төрийн шинжээч Гордон Чанг
Гу өөрийгөө хязгааргүй азтайд тооцох ёстой. Учир нь тэр Америкт төрсөн. Өгөөмөр Америк түүнд дөрвөн жилийн өмнө Бээжингийн Олимпод Хятадын төлөө өрсөлдөх боломжийг олгож, дараа нь дахин АНУ-д “оруулах”-ыг зөвшөөрсөн. Эсрэгээрээ хэрвээ тэр Хятадад төрсөн бол, Хятадын дэглэм ийм өгөөмөр хандахгүй байсан.
Америкийн тамирчид бусад улсын нэрийн өмнөөс өрсөлдөх нь цөөнгүй. Гэвч тэднийг мэдээнд гаргаж “урвагч” гэж дууддаггүй, заналхийлдэггүй. Харин Эйлин Гу ээжийнхээ эх орон Хятадыг сонгосон нь зарим хүмүүст энэ нь асар том асуудал болж харагдсан. Үнэндээ тэр хүмүүсийн шүүмжлэл үнэнч байдлын тухай байгаагүй. Аль улсыг сонгосон тухай байсан. Энэ бол эрх чөлөө биш. Энэ бол давхар стандарт, харин давхар стандарт бол ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр байдаг.
АНУ-д түүхэн ялалт авчирсан охины спортдоо эргэн ирсэн урам зоригтой түүх, сэтгэлзүйн дарамтаас гарсан залуу тамирчны урам зориг болон Америкийн хэвлэл мэдээллээр цацагдаж, хүмүүсийн хувьд үндэсний амжилт болон хувь хүний ялалтын жишээ болсон Алиса Льюгийн талаар Хятадын хэвлэлүүд ихэвчлэн АНУ-ын залуу тамирчны спортын гайхалтай үр дүн хэмээн мэдээлж, түүнийг ямар нэгэн байдлаар улс төр, иргэншлийн сэдэвтэй холболгүй, төвийг сахисан байдлаар дамжуулсан. Өөр яах ч билээ.
Төрж өссөн улсынхаа далбааг мөнгөөр сольж байгаа бол олимпын утга учир үнэгүйдэж, улс орнууд төрийн далбаа, өөрийн улсаар ялгарах нь ямар ч утга заахгүй болно гэх шүүмжлэл ч харагдсан. Хятадын Засгийн газар Эйлин Гу-д “Милан – Кортина”-д өөрсдийг нь төлөөлсөн оролцсоны шанд 6.6 сая ам.доллар төлсөн төдийгүй сүүлийн 3 жилийн турш түүнд Хятадаас урамшуулал болгож өгсөн мөнгөн дүн 14 сая ам.долларт хүрсэн гэх мэдээлэл ч цацагдсан. Гу-гийн өнгөрсөн онд олсон 23 сая ам.долларын орлогын дийлэнх нь Хятадын мөнгө тул түүний спортын түүх, амжилт нь залууст, шинэ тамирчдад зөв үлгэр дууриал болж чадахгүй гэх нь ч байна. Төрж өссөн улсынхаа бус тэлсэн улсынхаа нэр дээр оролцдог тамирчид цөөнгүй ч яагаад зөвхөн Эйлин Гу-г шүүмжилдэг нь, заавал Алиса Лью-тай харьцуулах болсон нь ч өөрөө цэвэр улс төр, геополитик.

“Сонголтоор дүүрэн ертөнцөд Алиса Лью шиг бай” гэсэн жиргээ 1.4 сая гаруй үзэлт авсан байна.
Алиса Льюгийн эцэг Артур Лью Хятадын уулын тосгонд төрж өссөн, тариачин ээж, төрийн албан хаагч аавтай хүү байж. Хичээнгүй сурагч хүү тосгоноосоо гарч том хотод орших дотуур байртай сургуульд амжилттай суралцсан ч 1989 онд “ардын төлөөх ардчиллын эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад оролцсон” учир эх орноо орхин дүрвэхээс өөр аргагүй болж Хонконгоор дамжин Америкт суурьшжээ. Сонирхолтой нь Артур Лью 40 гаран насандаа тээгч эхээр дамжуулан охинтой болсон нь Алиса. Түүний 5 хүүхэд бүгд тээгч эхээс төрсөн гэдэг. Ганц бие, улс төрийн орогнол хүсэж ирсэн цагаач эрийн түүх, тээгч эхээс төрсөн 5 хүүхдээ ганцаараа өсгөх амаргүй амьдрал гээд Алисагийн амьдрал БНХАУ-тай энгийн харилцаатай байх боломжгүй. 61 настай Артур цагаачлалын албаны баривчлах төвийн нөхцөл байдлыг өөрийн нүдээр үзэж, олон цагаачлалын хэргийг Zoomаар шийдэж, ардчилалд санаа зовж явдаг, дарангуйллын тогтолцооноос дүрвэх хэрэгтэйг мэддэг, үнэнч Америк патриот гэх алдрын эзэн. Аавынхаа гашуун туршлагаар хаалттай, хатуу, коммунист Хятадыг мэддэг Алиса “Америкийн од, судал бүхий далбааг нөмрөхдөө “America First” буюу Америкыг бүхнээс түрүүнд тавих тухай биш, харин “America Foremost” буюу Америкийг бахархалтай, баяр баясгалантайгаар, хүмүүс өөрийнхөөрөө илэрхийлж болно гэсэн жишээ болгон үзүүлэх хүсэлтэй” гэдгээ илэрхийлсэн нь бий.
Хятад гаралтай хоёр залуу эмэгтэйг хооронд нь сөргөлдүүлж, нэгийг нь “баатар”, нөгөөг нь “урвагч” гэж нэрлэх нь эх оронч үзэл биш. Энэ нь Хятад угсаатай хүмүүс Америкт харьяалагдаж байгаагаа байнга нотлох ёстой гэсэн дохио юм. Энэ бол Ази гаралтай америкчуудад 150 гаруй жилийн турш тулгарч ирсэн хуучин, шаналантай арьс өнгөөр ялгаварлах үзлийн нэг хэлбэр.
Facebook хэрэглэгч - Mencius Koay
Эйлиний мэдэх Хятад улс Алисагийн мэдэрсэн Хятадаас илүү нээлттэй, хөгжингүй, баян. Ингэж мэдрэхэд Америкийн шилдэг их сургуулийн нэг Стэнфордод суралцсан ээж Ян нь ч нөлөөлөө биз. Ян, Артур хоёрын “мэддэг” Хятад бол тэс өөр улс гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч охидынх нь төсөөлөлд эцэг, эхийнх нь мэдрэмж шилжсэн байхыг үгүйсгэх аргагүй.
АНУ-д харьяалагддаг хүн бүхэн “эрх чөлөөний орон” гэх үгийг бахархалтайгаар ашигладаг. Эрх чөлөө гэдэг нь хүмүүс шашин шүтлэг, мэргэжил, өөрийн хэн бэ гэдгээс эхлээд, спортод аль улсын төлөө өрсөлдөхөө хүртэл сонгох боломжтой гэсэн үг. Эйлин Гу ямар ч хууль зөрчөөгүй, хэнд ч хор хүргээгүй. Тэр зүгээр л өөрийн эхийнхээ соёлтой холбогдох хэсгийг хүндэтгэсэн тамирчин охин. Америк дахь сая сая цагаач гэр бүлүүд хоёр ертөнцөд зэрэг хамаарах ёстой тэр мэдрэмжийг мэддэг. Магадгүй жинхэнэ асуулт нь Эйлин Гу яагаад Хятадыг сонгосон бэ гэдэг биш байх. Харин яагаад түүний энэ сонголт зарим хүнийг ингэтлээ уурлуулдаг вэ гэдэгт хариулт нь байж магадгүй. Алиса Льюгийн хувьд ч сонголт хийх эрх чөлөөтэй нэгэн.
Учир нь олонх америкчуудын асуултын хариулт нь Эйлин, Алиса хоёрын тухай гэхээс илүү, уурласан хүмүүсийнх тухай ихийг өгүүлэх биз.