
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилов
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэн батлав.
Нийслэлийн МАН-аас Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилуулах саналыг НИТХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн бөгөөд санал дүгнэлтийг бүлгийн дарга Ж.Сандагсүрэн танилцуулж, төлөөлөгчид асуулт асууж харилт авав. Улмаар таван хүний гишүүнтэй тооллогын комисс байгуулан тооллогын комиссын даргаар төлөөлөгч О.Зундуйдорж, Нарийн бичгийн даргаар сонгогдов.
Ийнхүү Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилох эсэхэд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжсэн юм.
Гурван настай хүүхэд уурхайн цооногт унаж, аврах ажиллагаа 60 орчим цаг үргэлжлэв
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооног болох 40-50 метрийн гүн нүхэнд гурван настай хүүхэд унаж, амь насаа алдсан харамсалтай явдал болов. Хүүхэд нүхэнд унасан дуудлага тавдугаар сарын 27-ны өдрийн 13:40 цагт ирсэн.
Тухайн цооногийн дэргэд 45м өргөн, 70м урт, 32м гүнтэй нүхийг 3 дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, хөндлөн малталтын ажлыг тавдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагт эхлүүлж, өнөөдөр (2026.05.30) 00:23 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Ослын голомтод Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ээлжлэн метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталтыг хийв.
Буцалтгүй нэрвэгдэгч цооногт унаснаас хойш 59:46 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 55:19 цагийн хугацаанд нийт 16 байгууллагын 102 хүн, 30 автомашин, хүнд даацын 8 автомашин, 1 ковш, 2 экскаватор, 1 кран, 1 шатахуун тээвэрлэгчтэйгээр, гар ажиллагааны 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллагааг зохион байгуулжээ.
Мөн Дорноговь аймгийн өргөн сумын хогийн цэгийн эрэг нурж 6 дугаар ангийн сурагч нас барсан харамсалтай хэрэг гарав.
Цэнгэлдэх хотхонд гал гарч, иргэд нь цонхоороо амьсгалав
ХУД-ийн 15-р хорооны Цэнгэлдэх хотхонд гал гарсан гэх дуудлага өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 16:02 цагийн үед онцгой байдлан албанд иржээ. Галын нөхцөл байдлыг Eguur news агентлаг газар дээрээс шууд дамжуулан хүргэсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, 17:10 цагт галын тархалтыг зогсоож, 18:10 цагийн байдлаар галыг бүрэн унтраав. Онцгой байдлын албан хаагчид 27 иргэнийг аврах ажиллагааг явуулж, нийтдээ 70 орчим иргэдийн утаажилтын бүсээс гарган эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгчээ.
Хамгийн гол нь дээд давхрын айлууд гарах боломжгүй болсон агаад цонхон дээрээ сууж, угаартхаас сэргийлэн, агаар амьсгалж буй зураг цахим орчин тархсан нь шүүмжлэл дагуулав. Учир нь Онцгой байдлын газрын ашиглаж байгаа авто механик буюу аврах шат нь 23 давхарт байгаа иргэдэд хүрэхгүй байв. Тиймээс доод болон дээд давхраас аврах ажиллагаа явуулжээ. Үүнээс болж иргэд ажилчдыг зохих ёстой, стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангаагүй эрх баригч, тус албаны удирдах албан тушаалтнуудыг шүүмжлэв.
Улсын хэмжээнд 12 306 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ жил улсын хэмжээнд 12 306 хүн Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэнэ.
Ээжүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учир Монгол төр алдаршуулдаг сайхан уламжлалтайг Ерөнхийлөгч онцоллоо. “Энэ одон бол эх хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, одоо ээжүүдийн энгэрт гялалзаж байгаа энэ одонг хамгийн хүндтэй шагнал гэж боддог” гэлээ. Тэрээр алдарт эхчүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Ерөнхийлөгч санаачилга гаргасны дагуу Алдарт эхийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмээд байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 14480 эх Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон авчээ.