
Бүтээл, туурвилаараа цаг үеийнхээ домог болтол хүндлэгдсэн хөгжмийн зохиолч, болон найруулагчид дахин хамтарчээ. Энэ онд бид үргэлж хамгийн том жишиг болж, үзэгчдийн дунд дэлгэцийн бүтээл нь хүлээлт үүсгэдэг хөгжмийн зохиолч, найруулагчдийн гурван ч киног хүлээн авч үзнэ.
ХАНС ЦИММЕР БА ДЕНИ ВИЛЬНЁВ
Ханс Циммер, Дэни Вильнёв нар “Манхан” киноны эхний анги дээр л хэрхэн төгс хамтрал бүтээснийг үзэгчид андахгүй. Мөн хоёрдугаар ангийн хөгжим болоод эпик гайхалтай хосолсон хэмээн шүүмжлэгчдээс өндөр оноо хүртсэн. Тэд мөн 2017 онд “Blade Runner” кинонд хамтран ажиллаж байсан билээ.
Пол Атрейдес ялалтын оргилд хүрсний дараах бодит үнэнийг “Dune: Messiah” илчилнэ. Мессиагийн дүр, аврагчийн домог хэрхэн айдас төрүүлэх хийгээд дарангуйлал болон хувирч болохыг Дени Вильнёв хөндөнө. Харин шинжлэх ухааны уран зөгнөлөөс давсан, эрх мэдлийн тухай эмгэнэлт бүтээл гэж кино багийнханы тодорхойлоод байгаа тус бүтээлийн дүрүүдийн тэмцэл, оюун ухамсар, цөлөөс гарах чимээ бүхэн Ханс Циммерийн хосгүй билгээр амилна.
ЛЮДВИГ ЙОРАНССОН БА КРИСТОФЕР НОЛАН
Өнөө цагийн кино хөгжмийн ертөнцөд Людвиг Йоранссоныг гүйцэх од байхгүй. Учир нь тэр “Black Panther”, “Oppenheimer”, “Sinners” зэрэг кинонуудын хөгжмийн зохиолчоор ажиллаж гурван Оскарын эзэн болсон юм. Ийнхүү Шведийн энэхүү залуу авьяастан Ханс Циммерээс олон Оскарыг төгөлдөр хуурынхаа дээр залжээ.
Мэдээж үзэгчдийн дунд энэ оны хамгийн их хүлээлт үүсгээд буй бүтээлийн нэг бол “Odyssey”. Людвиг Йоранссоны хөгжмөөс киноны амжилт шалтгаалж ч мэднэ. Ямартаа ч тэр Нолантай “Tenet”, “Oppenheimer” зэрэг бүтээлүүд дээр хамтарсан тул туршлагатай. Тэдний хамтралаар Одиссейн арван жилийн аялал энд зөвхөн эх нутагтаа буцах хүслийн тухай бус хүний дотоод мөн чанар, итгэл үнэмшил хийгээд сэтгэл зүйн аялал болон хувирна.
ЖОН УИЛЛИАМС БА СТИВЕН СПИЛБЕРГ
Тэднийг бүгд мэднэ. 1974 онд найруулагч, хөгжмийн зохиолч хоёрын хамтарсан анхны бүтээл болох “The Sugarland Express” нээлтээ хийж байв. Дараа нь тэд “Jaws”, “Jurrasic Park”, “Close Encounters of the Third Kind”, “Schindler's List”, “Indiana Jones and the Raiders of the Lost Ark” зэрэг маш олон кинонд хамтарсан.
Өдгөө Уиллимс Оскарын шагналыг таван удаа хүртсэн агаад Грэммийн 27 цомд түүнд бий. Харин эл хоёр мастерийн дараагийн хамтрал, магадгүй тэдний эргэн ирэлт нь шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл болох "Disclosure Day" юм. Тус бүтээлийн нээлт энэ оны 6 сарын 12-нд болно.