
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар өнгөрөгч аравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, хугацаагүй ажил хаялт зарласан. Засгийн газар багш нарын цалинг нэмэх боломжит хувилбарыг судалж үзээд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долоодугаар сараас 10 хувь нэмэх боломжтой анх мэдэгдэж байв. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд, дарга нарын салбар, яамандаа зарцуулдаг төсвөөс танана гэдгээ ч хэлсэн. Гэвч энэ цалингийн нэмэгдэл хангалтгүй гэж үзсэн багш нар санал нийлээгүй юм. Иймээс аравдугаар сарын 16-д эхэлсэн багш нарын ажил хаялт энэ сарын 4-ны өдрийг хүртэл үргэлжиллээ.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд П.Наранбаяр нарын гурван талт уулзалтын үр дүнд багш нар ажил хаялтаа өчигдрөөс зогсоож өнөөдөр хичээл үргэлжлэн явахаар болсон. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд П.Наранбаяр хэлэхдээ мэдээлэл хийж багш нарыг ажил хаялтаа зогсоохыг хүссэн юм.
Энэ талаар салбарын сайд П.Наранбаатар "Бид 2026 оны төсөвтөө үндсэн цалинг 2 сая 226 мянган төгрөгт хүргэх, оны эцсээр 2 сая 800 мянган төгрөгт хүргэхээр шийдвэрлэнэ. Үүнтэйгээ уялдуулаад Боловсролын байгууллагууд болон цалингийн бүтцийн шинэчлэлийг хийх үүрэг хүлээж байгаа. Уг боломжуудыг бий болгож байгаа учраас ажил хаялт ойрын хугацаанд зогсоно. Цаашдаа бид үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг ойлгож байгаа. Үндсэн цалин мэдээж амьдралын баталгаа болж байх ёстой. Мэдээж нэмэлт хөлс бий. Энэ нь үндсэн цалингаас гадна олгогдоод явна. Тэгэхээр цалингийн өөрчлөлт гэдэг нь нэмэлт хөлс биш харин нэмэгдлүүдийн тухайд юм. Багш нар ажил хаялтаа зогсоох учиртай" гэв.
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэл улс орон даяар 13 хоногийн хугацаанд нийт 720 байгууллагын 40 гаруй мянган багш боловсролын байгууллагаа төлөөлж ажил хаялтад оролцсоныг мэдээлсэн. Хэлэлцээрийн үр дүнд багш нарынхаа цалинг 2026 онд 2,8 сая төгрөгт хүргэхээр болсныг дуулгаж, ажил хаялтын хугацаанд багш нарыг ажилласанд тооцож цалинг нь бүрэн олгохоор болсныг ч бас дуулгаад авсан. Ингэж багш нар ажил хаялтаа зогсоож, хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр боллоо.
Арав гаруй хоног үргэлжилсэн багш нарын ажил хаялт зогссон ч сургалтын хөтөлбөрийг гүйцэж чадах уу гэдэг асуулт гарч байна. Учир нь ажил хаялтад оролцоогүй сургууль олон бий. Нэг хэсэг сурагчид хичээлдээ явж байхад нөгөө хэсэг нь гэртээ байлаа. Бие даалтын долоо хоногтой нийлэн хагас сар орчим сургуулийн танхимд очоогүй сурагчид өнөөдрөөс хичээлдээ хамрагдаж эхэллээ. Харин тэд өнгөрсөн алдагдлыг хэрхэн нөхөх вэ гэдэг нь тухайн сургуулийн үйл ажиллагаанаас хамаарах аж. Мөн энэ сар хамгийн олон амралтын өдөртэй. 11 дүгээр сарын 21-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, 11 дүгээр сарын 26-д “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ мэтчилэн сурагчдын амрах өдрийн тоо дахин нэмэгдэнэ. Энэ хооронд амралт ихтэй байсан сурагчдын хувьд хичээл нөхөлтийг нэмэлтээр хийхээс аргагүй байдалд хүрэх нь дамжиггүй боллоо.