
Саатан жаргаж, санан гансрахын зовлонд гацсан амьдрал. Туулж гарах нь жам гэхээс өөр туйлбартай үгийг мэргэдийн номоос ч үзсэн чинээгүй.
Өглөө мандах нар, үдэш ургах сарнаар хүртэл ахуйн дарамтаасаа өндийж чадаагүй тавилан. Үнэндээ жамынх нь тухай эргэцүүлвээс хүн, малын ялгал гэж үгүй тийм л заяа төөрөг. Зурсан тавилангаараа л болдог учиртай гэхээс өөр тайтгаруулах үгийг сонссон удаагүй.
Хүмүүст мартагдах туйлын хүслээ гүйцэлдүүлнэ гэвээс цахим хуудсаа “delete” хийхэд л хангалттай цаг үе. Тоймгүй олон ертөнцийн дунд ийм л өчүүхэн дүрс төдий, бид. Мөлхөж дадсан аж төрөхүйгээ босгож мөнхрөхийн дайтай ирээдүйг төсөөлнө. Сарвайснаа авах гэж зүтгэдэг хүслээ хазаарлаж дийлээгүй хүн гэгч санаснаа гүйцээнэ гэдэг өдий. Утга учрыг нь ойлгох гэж зүдсэн ч угтаа ертөнц өөрөө хаос. Урд хормойгоо хойдохоороо нөхөж яваа нь үнэн энэ нийгмийн бооцоонд үр хүүхдийнхээ мөрөөдлийг хүртэл тавиад туучихсан бидэнд хөгжлийн тухай яриа бол хөөс.
Арга эвийг тааруулж урагш нэг алхсан ч алхам бүр нь бялдуучлалаар дүүрэн тул хойш хоёр шат ухарна. Тулах цэг нь сэтгэлд буй аваас өргөж дийлэх нь гэр орон ч үргэлжийн тэнгэрлэг бодолдоо дэлхийг багтааж хөөрцөглөнө. Гурав хоногийн хоолоо аргацаах төдий бидэнд гурван жилийн төлөвлөгөө ч ёстой яамай. Алхам тутамдаа сонголтынхоо буруу, зөвийг ч ялгалгүй тэмтэрч явахад алсын хараа тавь ч бүр лөө лөө.
Хүсэл гэдэг хязгааргүй. Сэтгэл гэгч жолоогүй. Хязгааргүй хүсэлдээ хөтлөгдөж, жолоогүй сэтгэлээ дагасан ч тэмүүлсэн аз жаргалаа олсонгүй. Бодол санааны хир буртгийг угааж, ариуслыг олох газартаа сүм хэмээх байшин босгож суусан ч ганцаардлын тамаас ангижирсангүй.
Суурьшин сууж иргэншлийг бүтээгээд эв нэгдлийг дээдэлж, эрх чөлөөг эрхэмлэлээ ч зовлон нь урьдаас гүн суусан ухаан мөчид авир засарсангүй. Хүнээс дор орохгүй гэх зан нь хүйтэн түүхтэй он цагийн холхид саарч, улдсангүй. Хааш яваад буйгаа эргэцүүлэн бодвоос сохрын газар сохор, доголонгийн газар доголон хүмүүсийн бүтэн арми л харх адил уралцсаар байнам.
Алдар нэрээ мөнхлөх ч яах уу, алдаагаа давтахгүй гэж адаг, эх нь үл мэдэгдэх түүх туурвисан ч ухамсаргүйгээр гаргасан үйлдлээ зөвтгөхөөс өөр зүйлд ашигласангүй. Урьдын сургаал өнөөгийн ашиг сонирхолд нийцэхгүй аваас хуучирна. Харин өдгөө үйлдсэн хуудуу явдал ирээдүйн хэрэгцээнд нийцэх аваас үнэнд хувирна. Цаг өнгөрөх хэрээр өмсөх хувцас өөрчлөгдсөнөөс бус ухааны гүнд үүрлэсэн мунхагийн ужиг арилсангүй.
Хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг болохын үлгэрээр нийгэмд дүрэм зохиож, сул дорой нь даган мөрджээ. Бүтээсэн тогтолцоогоо хүнээс илүүд тавьснаар алдааг засах нь нүдний гэм, ногоон хурганы арьс, нохойн битүү туурай болов. Амьдрал гэдэг ямагт тэмцэл гэх уриа лоозонг тархинд маань хадчихсан. Тиймээс л хэдэн цаг үргэлжлэх түгжрэлд хөлөө амраах суудал горилохоос илүүтэй автобусандаа хүртэл багтах гэж тэмцэлдэнэ. Замбараагүй байдлыг өөрсдөө үүсгэчхээд эмх цэгцийн тухай цэцэрхсээр амьдралаа сайхан авч яваа нэртэй бид эрх чөлөөг хүсэмжлэн бүтээсэн систем, эвлэлдэн нэгдэж байгуулсан дүрэмдээ хүлээстэй тарчилна.
Түмэн газрыг эзэлж явсан түүхийг бүтээсэн ард түмэн бусдын зовлонг л өрөвдөж халаглана. Хувь хүний шунал гэгч хүсэл мөрөөдөлтэй нь үргэлж тэрсэлддэг хойно эдлэх эрхээ эн тэргүүнд залах үед мөнөөх сүү шиг ариун, сүжиггүй цэвэр нинжин сэтгэл нь хатсан навч болж хорчийно. Нийтийн асуудлыг шийдэг гэж нэг хэсгийг нь орой дээрээ залсан. Нийгмийг маань гутаалаа гэж нөгөөг нь мод бариулаад гудманд гээж орхисон. Ийм л дүртэй өнөөдөртөө дасаж суугаа.
Алдаа гаргалгүйгээр амьдралд тэнцсэн хүн гэж үгүй. Атал үргэлж зөв жишгээр хүмүүжүүлэхийн тулд үр хүүхдэдээ боломжгүйг боломжтой болгох талаар зааж сургасан. “Алдаж болохгүй” гэх хоёр үгээс нь атгасан гар, зангидсан хөмсөг үзсэн хүүхдүүд алдаагаа хэлж залруулах бус харин нууж сурсан. Итгэлийг нь дэвсэлж, ирээдүйг нь өөрсдийн тааллаар залж орхиод захгүй тэнгист, бөөр нь цоорсон жижигхэн завьтай үдэж өгнө. Ийм л төрхтэй үүргээ сайтар биелүүлж яваа.
Алив бүхний бурангуйг хэчнээн тоочиж барлаа ч адаг сүүлд нь сэтгэлийн шаналгаа, амьдралаас уйдах цөхрөл хүртэл нэгээхэн хоромд сарничихгүй. Угтаа бид өөрсдийнхөө хаана ирээд суучихсан, юу мэдэрч буйгаа дор бүрнээ нэг дэнсэлчихвэл босоод алхах зүг нь харин өөр тийш хөтлөнө гэж сэтгэнэм. Сохрын газар хаа буй түүнийг ерөөе.
Цаг үе өөрөө саваагүй зангаар цацаад орхичихсон үй түмэн шагайны өчүүхэн нэг эмтэрхий гэж санахаар бодлоо улам хумьж эхэлнэ. Бурхныг бодож залбирал үйлдэвч, буян санаж мянган тарни уншивч сэтгэлийн орон, сохрын газар нь хаана болохыг үл мэдэх энэ амьдралд ердөө л амар амгаланг эрж буйгаа л ухаарч яднам. Өөрт оногдсон оршихуйн утга учрыг хайж насыг элээгсдэд хэн юу зааж, ямар хариулт өгснийг ч сонсохыг эс хүснэ. Бусдын үгээр хорвоотой танилцаж, тэдний нүдээр өөрийгөө тольдож байснаа ойлгоно. Үзэл бодол минь дэвтэрлэж бичсэн үг сургаалийг нь хүрд адил цээжилсэн төдийхнөөс үүсжээ. Ямар нэгэн салхи тархинд хөдөлж, ганц л тоосго хөдөлгөчихвөл суурь нь ганхах цамхаг адил хазайсаар нэг л өдөр нурна.
Олны таашаалд нийцэхгүй ааваас өөрийн үнэнээс ичнэ. Гэхдээ тийм л жинхэнэ үнэнийг сэтгэлийнхээ гүнээс хайж олоод үл эвлэрвэл аврал болно. Чимх гуниггүй жаргал, алдаагүй сонголт, нулимсгүй хайр гэж үгүй орчлон. Нүгэл бүхэн эгэл жирийн аж төрөхүйн шалтгаан болохгүй ч түүнийгээ таньж чадвал сэтгэл хэчнээн ихээр хөнгөрөх бол гэж сэтгэнэ. Шарх байж л эдгэрэл олно.
Дурсамж хэмээх зохисон дуундаа хамаг зовлонгоо цутгаж суусаар сэтгэлийн орон нурж гүйцжээ. Чухам тийм л ухаарлаар зөвхөн өөрийгөө дэнсэлж бодвол хэн ч чамайг санахгүй, мартаад л өнгөрөх нь туйлын үнэн. Бусдын өгсөн тусын хариуг нэхэх хүсэлгүй сууваас л түмэн бодлоор тэнчээлэн дарсан амьдралын буулга яахин үгүйрэх бол гэж санана. Өөртөө л гэрэл асааваас амгаланг үзнэ.
Өөрийн эндүүрлийг олж эрх чөлөөг амсах сайхан. Тийм агаар цэвэр, амьсгал уужуу байдаг аж. Сүрлэг хана хэрэм босгож, бусдаас өөрийгөө тусгаарлах ч яамай. Өөрийнхөөрөө сэтгэж, өөртэйгөө хамт байх тэнхээ, ганцаардаж чадах тамир л энэ орон зайд хэрэгтэйд итгэнэм. Сэтгэлийн орон хаа буй, тэнд ч ерөөл оршооё.