
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам өндөрлөсөн ч паралимпын XIV наадмын тэмцээн уралдаан ид өрнөж байна.
Италийн ард түмэн тансаг, хээнцэр загварын гэх тодотголтой Миландаа хүндэт зочдоо авсаар байна. Жил бүр сая сая жуулчдыг татах болсон Италийн хотууд эдгээр өдрүүдэд тив тивийн жуулчдын хөлд дарагдлаа. Загварын хот Милан олимпын хот болж хувирав.
Олимпын наадмын сүр хүчийг нэмсэн Милан хотыг зорих жуулчдын тоо өнгөрөгч сард эрс нэмэгдсэн. Милан хотын хамгийн их зочилдог сүм хийдийн нэг бол Дуомо юм. Европын хамгийн том сүмийн дөрөвт бичигдэх болсон Дуомогоор алдаршсан Милан хотод жилд таван саяас дээш жуулчин очдог гэсэн тоон баримт бий. Энэ жилийн олимпын наадмын тоглолтуудаар дамжуулан жуулчдын тоо эрс нэмэгдлээ. Олимпын хотод зочилсон жуулчид хамгийн түрүүнд Дуомо сүмийг зорих нь түгээмэл. Милан хотын бэлгэ тэмдэг болсон Готик урлагийн бүтээл болох Дуомогийн сүм бишрэм, бахдам зүйлээр их. Олимпын наадмыг зорин ирж буй зочдод нисэх онгоцны буудлаас хотын төв Дуомод очих галт тэрэг, метроны тасалбарыг үнэгүй өгч байв. Нарийвчилсан интерьерүүд, дээвэр дээрх гайхалтай үзэмж хийгээд түүх, уран сайхны ур чадвар, сүр жавхланг гайхшруулж чадсанаар энэ сүм сая сая жуулчдыг татсаар байна. Жилээс жилд нэмэгдэх жуулчдын тоо энэ оны эхэнд онцгой ахицтай байгааг спортын салбарт өрнөж буй үйл явдлаас харагдана.
Миланд олимпын гол төрлүүд болох хоккей, уран гулгалт, тэшүүрийн аваргууд тодорч загварын гэх хотоос спортын шинэ одод тодорсон. АНУ-ын Алиса Лью, Илья Малинин, Казахстаны Михайл Шайдоров, Японы Каори Сакамото, Ами Накаи, Юма Кагияма, Шүн Сато зэрэг уран гулгалтын алдартнууд энэ хотод алдар нэрийнхээ түүхийг бичлээ. Милан хотод дэлхийн мөсний шинэ алдартнууд тодорч хоккейн АНУ-Канадын түүхэн тоглолт болсон зэрэг содон амжилтууд бичигдлээ.
Францаас ирсэн сайн дурын ажилтан Флора Тарди
Би олимпын наадмын үеэр нисэх буудлаас хотын төв орох зочдод үйлчилж байна. Энэ олимпын наадам бол миний хоёр дахь наадам. Анх их сургуулийн оюутан байх үедээ олимпын наадмаар ажиллаж үзсэн. Үнэхээр сонирхолтой. Би Италид ирээд сайн дураар ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Паралимпын наадмыг дуустал Миланд байна. Олимпын наадмын үеэр жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа. Гэхдээ би тэдэнд үйлчилж байгаадаа сэтгэл хангалуун байна. Милан хотод ирж буй хүн бүхэнд баярлалаа.

Олимпын наадамд Монголын багийн тамирчдын амжилт урьдчилсан байдлаар тодорхой байсан учраас бид тамирчдаасаа том амжилт хүлээгээгүй. Харин өвлийн олимпын наадмын үеэр анх удаа загварын шоу болсон нь олон улсын анхаарлыг татсан. Энэ нь загварын Милан хотын гол илэрхийлэл байлаа. Тэд ч наадам эхлэхээс өмнө хамгийн шилдэг загвар гаргасан 15 орныг тусгай үзүүлбэрт урьсан юм. Олимпын наадамд монголчуудын ганц чимэг болсон үзүүлбэр байлаа.
Дэлхийн загварын төв хийгээд “Prada”, “Versace”, “Armani”, “Dolce & Gabbana” зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн өлгий нутагт олимпын тамирчид анх удаа загварын шоунд оролцлоо. Энэхүү хүндэтгэлтэй арга хэмжээнд Монголын “Гоёл кашмер”- ийн урласан ёслолын хувцас анхаарал татсан юм. АНУ-ын уламжлалт брэнд “Ralph Lauren”, Канадын “Lululemon”, Францын “Le Coq Sportif”, Шинэ Зеландын “Kathmandu”, Японы спорт брэнд “Asics”-ын хажуугаар Монголын “Гоёл кашмер”-ийн загвар ялгарч байв.
Милан хотод амьдарч буй Монголын иргэн С.Ихбаяр
Олимп дөхөх тусам Милан хотод олон арга хэмжээ зохиогдсон. Нээлтийн ёслолыг сэтгэл догдлон хүлээсэн. Бид наадам дөхөхөөр яаж баярлаж, догдолдог билээ. Тийм л догдлолтой байлаа. Нээлтийн ёслолд өмссөн хувцас үнэхээр цаг үеэ олсон загвар. Монголын тамирчдын хувцас олон хүнд хүрэх шиг боллоо. Алдарт “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэн өвлийн спортын алдартнуудаар дүүрэхэд Монголын багийн гоёл онцгой байсан.
Милан хотын “Instituto Marangoni Milano” загварын сургуулийг төгсөгч, олимпын хувцасны зохион бүтээгч Д.Мөнхбаясгалан
Өвлийн олимп Миланд болохыг сонсоод би энд оролцох ёстой юм байна гэж бодсон. Олимпын хорооноос зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн. XII-XV зууны хэв шинжийг харуулахыг зорьсон. Нүүдэлчдийн амьдралын түгээмэл биш хэв маяг, соёл, уламжлалыг хадгалж шингээсэн хувцсыг дахин гаргаж ирснээрээ онцлог болсон. Миланы загварын шоу дэлхийн хэмжээнд ямар гайхалтай болдгийг бүгд мэднэ. Гэтэл олимпын нээлтийн өмнө болсон шоу бидэнд том гүүр боллоо. Энэ гүүрээр дамжуулаад дэлхийн загварын төв Миланд загвараа танилцуулж чадсандаа баяртай байна. Улс орны загварын ертөнц өөр өөр байдаг. Италийн загварын сургуулийг төгссөн төгсөгчийн хувьд энэ наадмаас гайхалтай мэдрэмж авсан.
Итали улс 1956 онд өвлийн олимпын VII наадмыг Кортинад, 1960 онд зуны олимпын XVII наадмыг Ромд анх зохион байгуулж байсан түүхтэй. 2006 онд Турин хотод өвлийн олимпын ХХ наадам болж, олимпын туршлагаараа италичууд онцгойрч байв. Тэд өвлийн олимпын наадмыг Кортинад 70 жилийн дараа, Миланд анх удаа зохион байгууллаа. Хөлбөмбөгийн клубээрээ алдартай Милан хот ч жуулчдын анхаарлыг татаж, энэ хотод өвлийн аялал жуулчлал хүчээ авсан. Тэр хэрээр загварын Милан хот руу спортын хорхойтнууд тэмүүлсэн юм.
Милан хот 1.2 сая орчим оршин суугчтай ч дэлхийн нөлөө бүхий хот. “Энэ хот улам л даяаршиж, олон улсын шинж чанартай болж байна. Милан хот амьдралын хэв маягаас эхлээд дизайн, загварын чиг хандлага, хоол хүнс гээд Италийн соёлын жинхэнэ элч төлөөлөгч боллоо” гэж “Интер Милан” хөлбөмбөгийн клубын орлогын асуудал хариуцсан захирал Жоржио Риччи тодотгожээ. Загварын төв хот болсон Милан олимпын хотуудын эгнээнд орж ирлээ.