АНУ-ын Сенатын танхимд төсвийн төслийг Ардчилсан намынхан дэмжихээс татгалзсанаар Засгийн газрын үйл ажиллагаа аравдугаар сарын 1-ний өдрөөс өчигдрийг хүртэл 43 хоногийн хугацаанд зогссон юм.
Энэ даваа гарагт Сенат дахь Ардчилсан намын найман гишүүн нүүр буруулж Бүгд найрамдах намын талд саналаа өгснөөр 60-40 саналын харьцаатайгаар төрийн байгууллагуудын санхүүжилтын төсөл дэмжигдсэн билээ.
Үүний дараа Америкийн Конгрессын доод танхим Төлөөлөгчдийн танхимд санал хураалт явууллаа. Санал хураалтаар 222 гишүүн дэмжиж, 209 гишүүн татгалзсан санал өгсөн байна. Бүгд найрамдахчууд олонхийн суудалтай учраас Төлөөлөгчдийн танхимд саналыг батлуулах нь тодорхой байсан. Үүнээс гадна Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын зургаан гишүүн төсвийн төслийг дэмжсэн санал өгчээ.
Улмаар хэдэн зуун хуудас бүхий төсвийн төсөл Цагаан ордны зууван танхимд Ерөнхийлөгч Трампын ширээн дээр очсон байна. Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурснаар төсөл бүрэн хэрэгжиж эхлэхээр боллоо. Орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө төрийн байгууллагад ажилладаг америкчууд эргээд ажилдаа явж, цалин хөлсөө авч эхэлнэ.
Трампын хэлснээр Засгийн газрын үйл ажиллагаа бараг сар хагас орчим хугацаанд саатахад Ардчилсан намын гишүүд буруутай гэж үзэж байна. Тиймээс сонгогчид дараагийн сонгуулиар энэ үйл явдлыг мартахгүй байхыг хүслээ. Ирэх жилийн арваннэгдүгээр сард Америкт Конгрессын ээлжит бус сонгууль болох товтой.
Мөн аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш тус улсад 20 мянган нислэг цуцлагджээ.
Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагаа зогссон явдал нь АНУ-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд Засгийн газрын үйл ажиллагаа зогссон тохиолдол болж байгаа юм. 1980 оноос хойш Америкийн Засгийн газар 15 удаа тэг зогсолт хийж байжээ. 2018 онд Трампыг анх удаа Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Засгийн газар 35 хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон нь хамгийн удаан хугацаанд тооцогдож байсан юм. Харин энэ удаагийнх уг тохиолдлыг давлаа.
Хэдийгээр пүрэв гарагаас Америкийн төрийн албаны ажилтнууд эргэж ажилдаа орох боловч энэ хугацаанд үүссэн үйл ажиллагааны доголдлыг бүрэн арилгахад хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж үзэж байна.
Өнгөрсөн сар хагас орчмын хугацаанд Засгийн газрын алба нэгжүүдийн 670 мянган ажилтан чөлөөлөгдөж, 730 мянган ажилтан цалингүйгээр ажлаа үргэлжлүүлэхээс өөр аргагүй байжээ.
Өнөөдрөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, музей зэрэг улсын төсвөөс санхүүждэг газрууд дахин нээгдэнэ. Америкийн дундаас доогуур орлоготой 42 сая иргэнийг хамруулдаг хүнсний хөтөлбөр эргэж сэргэнэ.
Гэхдээ энэ удаагийн тохиролцоо ирэх жилийн нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл санхүүжилтыг олгох юм. Тиймээс оны дараа Конгресс дахин сорилттой тулгарна.
.jpg)
