
Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар БНАСАУ байгуулагдсаны 78 жилийн ойг тохиолдуулан Ким Жон Унд илгээсэн мэндчилгээндээ Пёньянтай тогтоосон стратегийн нягт харилцаагаа дахин нотолсон тухай Умард Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлаг өнөөдөр мэдээллээ.
KCNA-гийн мэдээлснээр Ши Жиньпин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд илгээсэн захидалдаа Хятад, Умард Солонгосын харилцаанд “стратегийн чиглэл өгөх” үйл ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр улсын хөгжлийг урагшлуулахын төлөө Кимтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр хоёр талын харилцааг бэхжүүлж, хөгжүүлэх нь Хятадын эрх баригч нам болон засгийн газрын “тууштай бөгөөд өөрчлөгдөшгүй бодлого” хэвээр байгааг мөн онцолжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин илгээсэн мэндчилгээндээ хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэхийн тулд Ким Жон Унтай хамгийн нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Тэрээр Орос, Умард Солонгосын харилцаа улам бэхжих нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ “илүү шударга, олон туйлт дэлхийн дэг журам” бүрэлдэхэд хувь нэмэр оруулна гэжээ.
Ши Жиньпин, Путин нарын илгээсэн мэндчилгээг Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хэвлэл болох Rodong Sinmun сонины нүүр хуудсанд нийтэлсэн байна.
KCNA-гийн мэдээлснээр Ким Жон Ун мөн Умард Солонгос улс 1948 онд байгуулагдсаны ойг тохиолдуулан Вьетнам, Лаос, Камбож, Монгол, Швед, Беларусь, Сингапур, Швейцар болон Зимбабве зэрэг хэд хэдэн улсын удирдагчаас баярын мэндчилгээ хүлээн авчээ.
Умард Солонгос улс жил бүрийн есдүгээр сарын 9-нд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны ойгоо тэмдэглэдэг.