
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр "Дөрвөн чөлөөлөлтийн нэг бол авилгын эсрэг чөлөөлөлт. Авилгын төсөөллийн индекс цаашаа яаж урагшлах ёстой вэ гэвэл авилгатай тэмцэх эрмэлзэл байх ёстой.
"Transparency international" хэдэн зүйлийг манайд зөвлөсөн. Авилгатай тэмцэх эрмэлзэл иргэний нийгмийн байгуулага, иргэд, олон нийтийн зүгээс байх ёстой гээд байгаа юм. Дээрээс нь ял завших байдал ихсэж байна гэх шаардлага тавиад хэд хэдэн хуулийг батал гэж байгаа. Тийм учраас УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Засгийн газраас тухайн үед өргөн мэдүүлсэн хөрөнгө хураах хуулийг батлах шаардлагатай гэж би байр сууриа илэрхийлсэн.
Одоогийн Эрүүгийн хуулиар авилгын хөрөнгийг хурааж авах эрхзүйн орчин хангалттай биш байна гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд болоод олон улсын байгууллагууд зөвлөж байна. Үндсэн ялын хажуугаар хөрөнгө хураахыг албадлагын арга хэмжээ байдлаар хэрэглэж байгааг зогсоож эрх зүйн шинэчлэл хийх ёстой. Засгийн газраас өргөн бариад байгаа хуулийн төсөлд иргэний журмаар асуудлыг шийдэх буюу ялтай эсэх нь тогтоогдоогүй байхад нь хөрөнгийг нь хураана гэдэг хууль зүйн техникийн хувьд зөрчилтэй байна гэж үздэг. Тиймээс Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль, Авилгын эсрэг хуультай нь уялдуулж нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураах хуулийг өргөн мэдүүлэх хэрэгтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайдад хөрөнгө хураах хуулийг ирэх долоо хоногт танилцуулж тодорхой чиглэл гаргаж УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангахыг даалгаж байна" гэв.