
“Улаанбаатар-2026” боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө. Азийн 25 орны 300 гаруй ширэн бээлийтэн Монголын рингэнд өрсөлдөж 2026 оны олон улсын тэмцээнийг эхлүүлсэн юм. Залуу үеийн төлөөллөөс гадна олимп, дэлхийн аварга тамирчид Улаанбаатар цугласан эдгээр өдрүүдэд монголчууд боксын тулааныг дэргэдээс нь харж, мэдрэхийн зэрэгцээ дэлхийд алдаршсан тамрчидтай уулзах боломж олдож буй.
АФИНЫ ОЛИМПЫН НААДМЫН МӨНГӨН МЕДАЛЬТ ГЕННАДИЙ ГОЛОВКИН УРИГДАВ
Казахтсан улс боксын спортын алдартнуудаараа алдартай. 2004 оны зуны олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн дунд жинд /69-75 кг/ Казахстаны боксчин Г.Головкин мөнгөн медаль хүртэж байв. Тэрээр финалын тулаанд ОХУ-ын боксчин Гайдарбек Абдуловичид ялагдаж байжээ.
Олимпоос алт зүүж чадаагүй ч дэлхийн аваргаа дархалсан Г.Головкин бүх цаг үеийн шилдэг боксчны жагсаалтын 58-д, Ази тивдээ хоёрт бичигддэг. Сонирхогчийн ангиллаас гадна мэргэжлийн боксын олон шагналыг хүртэж байсан Г.Головкин энэ удаа дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч, Казахстаны үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн хувиар ирлээ.
Г.Головкин “Аса арена”-д болж буй насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж, тэмцээний бэлтгэлтэй танилцсан.

ТАВАН ХҮҮХДИЙН ЭЭЖ АЙГЕРИМ САТТИБАЕВА УЛААНБААТАРЫН ДЭВЖЭЭНЭЭС ХҮРЭЛТЭЙ БУЦАВ
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн хүчтэй өрсөлдөгчийн нэг Казахстаны тамирчин Айгерим Саттибаева. Боксын спортоор багаасаа хичээллэсэн ч 19 настайдаа алдартай боксчин Олжас Саттибаевтай гэрлэснээр Саттибаева рингэнд гарч ялалт байгуулах мөрөөдлөө орхиж байжээ. Дөрвөн хүү, нэг охиныхоо эцгийн амжилтын төлөө мөрөөдлөө орхисон ч түүнд дахин тулалдах хүсэл тэмүүлэл байсаар байв. Хүүхдүүдээ өсгөж, хажуугаар нь боксын дасгалжуулагчаар ажилладаг байсан Саттибаева 2022 оноос тамирчны замналаа дахин эхлүүлжээ. Тэрээр энэ жилийн Улаанбаатарын тэмцээнд 48 кг-д тулалдахдаа хүрэл медалийн төлөөх тулаанд Узбекистаны боксчин Сабина Бобокуловаг ялсан юм. Хагас шигшээд Монголын залуу тамирчин Э.Номундарьд ялагдсанаар таван хүүхдийн ээж 35 настай Айгерим Саттибаева тивийн тэмцээнээсээ хүрэл медальтай буцлаа. Саттибаева олон охидыг мөрөөдлөө орхиж болдоггүй юм шүү гэдгийг Улаанбаатарын рингэнээс харуулсан юм.

ПАРИСЫН ОЛИМПЫН АВАРГА ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙГАА ЭВЛЭРЭВ
“Улаанбаатар 2026” тэмцээн бол Азийн тамирчдын хамгийн их хүлээдэг өрсөлдөөний нэг. Энд ирсэн алдартнуудын дунд “Парис 2024” зуны олимпын наадмын аварга, Тайванийн тамирчин Лин Юү Тин багтсан. Эмэгтэй боксчдод хүйсийн шалгуур тавих болсон энэ цагт “World Boxing” холбооноос түүнд Улаанбаатарт тулалдах эрх өгсөн юм. Лин Юү Тин энэ удаа 60 кг-ын хагас шигшээд Хойд Солонгосын Вон Ын Гёнд ялагдан хүрэл медальтай буцлаа. Хүйсийн маргаантай ч Парисын наадамд босоо байсан түүнийг энэ тэмцээнд түрүүлнэ гэж таамаг дэвшүүлж байв.

ЭНЭТХЭГ, КАЗАХСТАН, УЗБЕКИСТАНЫ БОКСЧИД УЛААНБААТАРЫН РИНГИЙГ ЭЗЭГНЭЖ БАЙНА
25 орны баг тамирчид оролцож буй “Улаанбаатар 2026” тэмцээний алтан медалийн төлөө 11 орны боксчид үлджээ. Маргааш өндөрлөх тэмцээнийг Энэтхэг, Казахстан, Узбекистаны ширэн бээлийтнүүд илүүрхэж байна. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт тамирчдаар багаа бүрдүүлсэн дээрх багуудаас тус бүр найман тамирчин финалд өрсөлдөнө. Энэтхэгийн эмэгтэйчүүд, Казахстан, Узбекистаны эрчүүд аваргын төлөө тунажээ. Харин БНХАУ, Хойд Солонгосоос тус бүр гурван тамирчин финалд үлдсэн бол Япон, Йордан, Монгол, Тайвань, Тайландын хоёр тамирчин аваргын алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Энэ жагсаалтад Тажикистаны улсаас ганц эмэгтэй тамирчин финалд үлдсэн.
