БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Төвөдийн бүс нутагт пүрэв гарагт орон нутгийн цагаар оройн 22:33-д 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтөөр 16 хүн амиа алдаж, 32 хүн гэмтсэн талаар Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг мэдээллээ.
Тус агентлаг Нагчу хотын Онцгой байдлын газрын мэдээллээс эш татан, гэмтсэн хүмүүсийн 11-ийнх нь биеийн байдал хүнд, 21 хүн хөнгөн гэмтэл авсан гэж мэдээлжээ.
Газар хөдлөлтийн дараа тухайн бүс нутагт газар хөдлөлтийн гамшгийн үеийн онцгой байдлын II түвшний хариу арга хэмжээг идэвхжүүллээ.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Нагчу хотоос зүүн хойд зүгт 190 орчим километр, Төвөдийн өөртөө засах орны төв Лхас хотоос зүүн хойд зүгт 390 орчим километрийн зайд орших уулархаг бүсэд байжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, орон нутгийн эрх баригчид газар хөдлөлтийн голомтын ойролцоох нэгэн тосгоноос хоёр хүн гэмтсэн болохыг тогтоосон байна. Мөн голомтод хамгийн ойр байрлах тосгодын зарим орон сууц, байшингийн хананд ан цав үүсжээ.
Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн дүрс бичлэгт иргэд гэр орноосоо гарч, гадаа талбайд болон гудамжинд байрлуулсан автомашиндаа хоргодож байгаа нь харагдсан байна.
Энэ нь 2024 оны нэгдүгээр сараас хойш Хятадад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ.