
Францын парламентын доод танхим эдгэршгүй өвчтэй насанд хүрсэн иргэнд эмнэлгийн тусламжтайгаар амьдралаа төгсгөх эрх олгох түүхэн хуулийн төслийг дэмжсэн байна. Хэдийгээр парламентын дээд танхим болох Сенат үүнийг эсэргүүцсэн ч доод танхим эцсийн шийдвэр гаргах эрхтэй аж. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Үндсэн хуулийн цэцээр орж эцсийн зөвшөөрөл авах дутуу байна.
Хуулийн дагуу зөвхөн Францын иргэн эсвэл хууль ёсны оршин суугч, өвчний төгсгөлийн шатанд орж бие махбод болон сэтгэл зүйн байнгын шаналалтай байгаа, шийдвэр гаргах чадвартай насанд хүрэгчид л энэ үйлчилгээг авах боломжтой. Сонголт хийсэн өвчтөн үхэлд хүргэх бэлдмэлийг өөрөө ууж эсвэл тарьж хэрэглэх бөгөөд хэрэв бие махбодын хувьд боломжгүй бол эмч, сувилагч туслахаар зохицуулжээ.
Уг хуулийг Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон дэмжигчид нь хүний нэр төртэйгөөр амьдралаа дуусгах эрхийг хангасан хүмүүнлэг алхам гэж үзэж байгаа бол шашны байгууллагууд болон баруун жигүүрийн намууд үүнийг эмзэг бүлгийнхнийг хамгаалах төрийн үүргээс ухарсан, урвуулан ашиглах эрсдэлтэй шийдвэр хэмээн эрс эсэргүүцэж байна.