
“Милан -Кортина 2026” өвлийн олимпын наадамд цоо шинэ нэг төрөл нэмэгдсэн нь цанын уулын авиралт буюу скимо /ski mountaineering/ юм. Скимо нь тамирчид цанаа үүрч уул руу гүйх ба дараа нь цанаараа уруудан уралдана. Энэ нь тамирчдаас олон чадварыг шаарддагаараа онцлогтой. Европын цастай нутагт эрт дээр үед ердийн хэрэглээнээс үүсэж байсан энэ төрөл орчин үед спортын хэлбээрэр олимпын наадмын хөтөлбөрт багтсан юм.
Скимогийн анхны аваргууд 2002 онд тодорсон бол дэлхийн цомын цуврал тэмцээнийг жил бүр хийж байгаа. Энэ төрөл 2020 оны залуучуудын өвлийн олимпын III наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсанаар оролцох орны тоо эрс нэмэгдсэн юм.
“Милан-Кортина 2026” олимпын наадмын скимогийн төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 36 тамирчин /18 эрэгтэй, 18 эмэгтэй/ өрсөлдөх эрх авчээ. Франц, Испани, Швейцар улсаас хамгийн олон буюу дөрвөн /эрэгтэй 2, эмэгтэй 2/ тамирчин өрсөлдөх бол Герман, Итали, Норвеги, Словак улсаас гурван тамирчин уралдана. Харин энэ удаа төвийг сахисан статустай оролцож байгаа ОХУ-аас нэг эрэгтэй тамирчин скимод өрсөлдөхөөр болсон байна.
Скимогийн тэмцээн Вальтеллинагийн Бормио хотод хоёрдугаар сарын 19, 21-ний өдрүүдэд болно. Энэ удаа эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог буухиад олимпын аваргууд тодорно.
Цанын уулын авиралт буюу скимо нь Европын цастай нутгийг эрт үед түгээмэл байсан бөгөөд 1897 онд Швейцарт албан ёсоор тэмдэглэгдсэн байдаг. Харин орчин үеийн хэлбэрээр 2026 оны олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтлаа.
