
АНУ-ын баруун хойд хэсэгт орших Орегон мужийн нисэх буудлын ойролцоо хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдсөний улмаас гурван хүн амиа алдсан гэж Ямхилл тойргийн шериф мэдээлжээ.
Дуудлагын дагуу хэргийн газарт очсон аврах багийнхан Макминнвилл хотын нисэх буудлын ойролцоох орон нутгийн хувийн фермийн талбайгаас осолдсон нисдэг тэрэгнүүдийг олсон байна.
Нисдэг тэрэгний нэг нь хоёр хүн тээвэрлэж явжээ. Тэдний нэг нь Техас мужийн нислэгийн багш, 22 настай Мэдди Аасбо байсан бол нөгөө нь Их Британийн нисгэгчийн дадлагажигч байжээ. Шериф Сэм Эллиотт пүрэв гарагийн орой хийсэн хэвлэлийн хурлын үеэр энэ тухай мэдээлсэн байна. Харин дадлагажигчийн нэрийг ар гэрийнхэнд нь мэдэгдсэний дараа зарлахаар хойшлуулжээ.
Нөгөө нисдэг тэрэгний нисгэгч ганцаараа зорчиж явсан бөгөөд түүнийг Орегон мужийн Ньюберг хотын 38 настай Тайлер Стурдевант болохыг тогтоосон гэж шериф мэдэгдсэн байна.
Орон нутгийн цагаар 14:15 цагийн орчимд болсон ослын шалтгааныг Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл шалгаж байгаа бол Холбооны нисэхийн захиргаа мөн мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгааг тус байгууллага мэдээлжээ. Ослод оролцсон хоёр нисдэг тэрэг нь Robinson R-22 болон Airbus AS350 загварынх байсан аж.
Нисдэг тэрэгний нэгийг хувийн нислэгийн сургалт явуулж, нисдэг тэрэг түрээслүүлдэг Jerry Trimble Helicopters компани ашиглаж байсан гэж тус компани мэдэгдэлдээ дурдсан байна.
Мөн тус компани мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа нэмж мэдэгдэв.