Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны зургаадугаар сарын 13-наас 22-ныг хүртэлх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Тодруулбал, энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн өмнөд нутгаар, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр, 22-нд баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 5–10 метр байх бөгөөд борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Мөн зургаадугаар сарын 15-наас эхлэн ихэнх нутгаар агаарын температур нэмэгдэж, дулаарах төлөвтэй. Тухайлбал, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгийн зарим хэсэг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус, Их нууруудын хотгор болон говийн хойд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байх аж.