
Ээлжит бус чуулгантай зэрэгцэн Монголын улс төр улайсч байна. 38:30-аар хуваагдсан МАН-ын бүлгийн тус тусын улс төр дээр АН-ынхан тос нэмж сууна. Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралыг өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирэхийг шаардлаа. АН-ын бүлэг дэмжсэн Улс төрийн зөвлөлийн энэхүү шаардлага нь Ерөнхий сайдыг маш эрсдэлтэй замаар алхахаас өөр аргагүй байдалд хүргэж байх шиг байна. Юу гэхээр, АН-ынхны үзэж буйгаар Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадахгүй байгаа, мөн УИХ-д өргөн барьсан 2026 оны төсвийн тодотгол Үндсэн хуулийн зөрчилтэй гэж үзэж байгаа юм байна. Харин энэхүү тодотгол нь өөрөө Засгийн газрын өнөө маргаашдаа зохицуулах ёстой бодлогын шийдэл байдаг. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Учрал өөрөө огцрох эрсдэл хүлээж итгэл үзүүлэх эсэхийг УИХ-д оруулж ирэх үү, эсвэл Засгийн газар бодлогоосоо ухарч төсвийн тодотголыг эргүүлж татах уу гэсэн хоёр зам л үлдлээ. Мэдээж гурав дахь зам гэж бий, тэр нь МАН-ын бүлэг хуваагдлаа хойш тавьж Засгийн газраа ажиллуулах. Гэвч энэ зам бүтэхгүй хийгээд боломжгүй болсон нь Булган аймагт болсон 30-ынхны уулзалт, Ерөнхий сайдын ээжийн хувийн сургуулийн 3.5 тэрбумын “эксел файл”, дээр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы талаар өрнөж буй улс төр зэргээс харахад ойлгогдоно. Тиймээс Ерөнхий сайд бодлогоо хамгаалж үлдэнэ гэвэл АН-ын “зөвлөснөөр” өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирж болох юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд “1.Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.
2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан байдаг. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирвэл Засгийн газар нь огцрох маш том эрсдэл үүснэ. Харин энэ эрсдэлээс холуур явна гэвэл бодлогоо унагах нөхцөл байдал үүсэх юм.