2025 оны кино урлаг дахь хамгийн гэрэлтэй мэдээ бол Азийн кино урлагийн ирээдүйн шилдэг уран бүтээлчдийш дэмжих зорилготой “Talents Tokyo” хөтөлбөрийн үргэлжлэл болох “Next Masters Support Programm”-д "Баавгай болох сон" киноны найруулагч П.Золжаргал “Sane Mother” бүтээлээрээ, "Сэр сэр" киноны найруулагч П.Лхагвадулам “The Vision of Lonely Mountains” кино төслөөрөө бүтээл хөгжүүлэх сангийн тэтгэлэг хүртсэн явдал байлаа.
Харин энэ нийтлэлээрээ гадаад болон дотоодын уран бүтээлчдийн бүтээлүүдээс шүүмжлэгч, үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг хүртсэн дараах 10 киног онцолж байна.
I. ГАДААД
ONE BATTLE AFTER ANOTHER

Найруулагч: Пол Томас Андерсон
Адал явдалт, түүхэн өрнөлтэй “One Battle After Another” нь хувь хүний зориг ба итгэл үнэмшлийг харуулна. Найруулагч Пол Томас Андерсон түүхэн бодит үйл явдлыг уран сайхны өндөр түвшинд амилуулжээ.
Леонардо ДиКаприо удирдагчийн дүрээр хүчирхэг тоглолт үзүүлж, түүхэн өрнөлийн гол зангилаа болж өгдөг. Харин Зендая, Тимотей Шаламе нарын дүрүүд залуу үеийн хүсэл мөрөөдөл, өөрчлөлтийн бэлгэдэл болсон дүрүүдийг бүтээжээ. Холливудын хамгийн алдартай жүжигчид гол дүрийг бүтээсэн уг кино энэ оны хамгийн өндөр хүлээлттэй бүтээлүүдийн нэг болоод байна.
Энэхүү кино нь түүхэн өрнөл, адал явдлыг хослуулсан томоохон хэмжээний уран бүтээл юм. Сайн бүтээлийн цар хүрээ хоёр л зүйлээр хэмжигддэг гэж үзэх нь бий. Энэ нь уй гашуугаас, үгүй аваас уйдаж зүрхлэмгүй уран хошигнолоос бүтдэг. Яг түүн шиг тус киноны нэгэн дүр болох Локжо цагаан арьстан дээдсүүдийн нууц клубт элсэх гэж зүтгэх нь тун аймшигтай агаад хоржоонтой байдлыг хослуулсан үйл явдал юм. Тэр бол увайгүй, бусдыг арьс өнгөөр доромжилдог нэгэн. Кинонд цагаачдын эсрэг явуулсан дайралт нь өнөөгийн нийгмийн асуудлуудыг хөнддөг бөгөөд кинонд хачин түргэн өрнөлтэйгөөр бодит асуултыг ургуулдаг.
Энэ бол бүхэлдээ автомашины хөөцөлдөөн, цэргийн бүлэглэл хийгээд улс төрийн нууц байгууллага, хувь хүний үнэнч зан, урвалт зэрэг асар өргөн хүрээтэй бүтээл. Хамгийн гол нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг бүрэн тусгасан, урвуу хэлбэртэй толь гэж болно.
Киноны эхний хэсэг нь дүрвэгсдийн төв дээр өрнөх бөгөөд эргүүл хийж буй цэргүүд болоод торон хашааны цаана өрнөх бүхий л дүр зураг нь шууд утгаараа өнөөгийн нийгэм, мэдээ мэдээлэлд гардаг бараан үзэгдлийг сануулна. Тэр мөчид “Френч 75” нэртэй хувьсгалчид тус төв нэвтэрч, улс төрийн эсрэг хийх хувьсгал эхэлснийг зарлах агаад гишүүдийн нэг нь Перфидиа Беверли Хиллз нэртэй хатуу чанд нэгэн юм. Харин түүний хамтрагч, дэлбэрэх төхөөрөмжийн мэргэжилтэн нь манай гол дүрийн баатар Боб билээ. Тэд хамтран Бобын хулгайлагдсан охины аврахаар зүтгэх боловч замд нь мөнөөх Локжо гарч ирснээр Перфидиад хүчирхийлэл үзүүлж, айлган сүрдүүлэхийн зэрэгцээ, арьс өнгөөр доромжилдог. Эцэст нь Перфидиа газар доогуур орж, Боб болон түүний хүүхдийг зөнд нь орхичихно.
NO OTHER CHOICE

Найруулагч: Пак Чан Вүк
Ер нь айдас хэмээх уг хачирхалтай мэдрэмжийн цаана биднийг юу ч отож байж болно. Монтэнь энэ тухайд “Бүр харьцангуй төлөв, төвшин хүмүүс ч айдаст автсанаасаа болоод аймшигтай “сохордог” юм билээ” хэмээсэн байдаг. Тэгээд ч ахуйн дарамт үргэлж айдсыг хүчирхэгжүүлж байдаг аж. Айдас бол хүний мэдрэмжүүд дундаас хамгийн сонирхолтой нь шүү. Намрын улирлын амгаланг санагдуулам дулаахан өдөр гол дүрийн Ман Сүн хэмээх нэгэн эр гэр бүлийнхээ хамт байшингийнхаа үүдэнд, өөрийн тарьж ургуулсан цэцэрлэгт могой загас шарж, аз жаргалтай буйгаар үйл явдал эхэлнэ. Кино яг төгсгөлөөсөө эсвээс алив нэг хурц зөрчил үүсэхийн өмнөх зурвас сцен дэлгэцэд харуулах шиг болно. Гэвч үйл явдлын эрчимтэй өрнөлөөс үзэгчид бүхнийг ойлгоно.
Абэ Кобогийн “Элсний хүүхэн” романд нэг ийм өгүүлбэр бий. “Элс хэзээ ч амсхийдэггүй. Тиймээс бид ч амсхийх ёсгүй”. Кобогоос хэдий өөр ч гэсэн япон зохиолчийн, япон зохиол учраас ч тэр үү Саяака Муратагийн “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” бүтээлийг унших явцад дээрх өгүүлбэр ч мөн тархинд харвадаг. Элсний эмэгтэй элсээ гаргаж асгахгүй бол өчүүхэн чулуун үйрмэгийн далайд живнэ. Фүрүкүра дэлгүүртээ ажиллахгүй бол өөр оршихуйд яг л эзэндээ гологдсон гөлөг аятай гудамжинд хоцорно. Дүрийг анхнаас нь нийгмийн нэг эрэг шураг болж, хэзээ нэгтээ энэ том механизмаас салж унавал юуг ч хөдөлгөж үл хүчрэх байдлаар ийнхүү бүтээжээ.
Капитализм бол үүнтэй адилхан. Ман Сү 25 жилийн турш орон нутгийнхаа “Наран” нэртэй цаасны үйлдвэрт технологич инженерээр ажилласан. Гэвч тэр нэгэнт хэрэггүй болсон учраас ажлын туршлага, олон жил үнэнчээр ажилласан зэрэг нь хэнд ч хамаагүй. Гол дүр ажилдаа үлдэхийн тулд хэсэг нөхдийн хамт Америк эздэд нь хэлэх үгээ бодож “Америк улсад ажлаасаа халагдахыг “Сүхээ барилаа” гэдэг. Харин Солонгост “Хоолойд туллаа” гэдэг шүү дээ” гэнэ. Тэгэхээр ядаж л сүх бариад мод цавчих боломжгүй, сонголт үгүй нөхцөлд ордог гэдгийг тухайн дүр цаашид ямар хувь заяа үүрэх болохыг үзэгчдэд эхнээс нь өгч байна. Мөнөөх эзэд нь огт үг дуугарахгүй, ядаж мэндлэхгүй, Ман Сүд үг хэлэх боломж ч олгодоггүй. Тиймээс “Өөр сонголт үгүй” гэх өгүүлбэр бол зөвхөн нэг дүрийн бус, бүхэл бүтэн системийн хашхираан. Ман Сүгийн үйлдэл бол хувь хүний уналт биш, харин капитализм хэмээх том араа механизмын гацсан эрэг шураг шиг нэгэн дүр зураг. Тэгээд ч киног үзэж дуусахад түүнийг зөв, буруугийн дэнсээр оруулахаас илүүтэй “Яагаад ийм нөхцөлд хүрэв?” гэх асуулт ургана. Эцэст нь уг кино системийн доройтол, ёс суртахууны доголдлыг шүүмжилжээ. Бид өөрсдийн доторх Ман Сүгийг толины өмнө харж зогсоно. Тэрхүү толинд хараад амьдралын зорилго, хөдөлмөрийн үнэ цэн, гэр бүлийн харилцааны талаар ахин нэг эргэцүүлэхэд хүрнэ. Тэгээд яагаад, яагаад гэж асууна. Урлаг чухамдаа асуулт үлдээдэг нь ийм учиртай.
BUGONIA
-660x0-660x0.png)
Найруулагч: Йоргос Лантимос
Грекийн домог болсон найруулагч Йоргос Лантимос, жүжигчин Эмма Стоун нар дахин нэгджээ. Тэд өмнө нь “Poor Things” бүтээлээрээ олон улсан шуугиан тарьцгаасан уран бүтээлчид юм.
Энэ удаад Лантимос өөрийн арга барил, найруулгын өвөрмөц шийдэлд түшиглэн Солонгосын алдарт “Save The Green Planet” бүтээлийн барууны хэв загвараар дэлгэцэд урлажээ.
Стоун энэ эмийн компанийн даргын дүрд тоглосон байна. Харин Жесси Племонс түүнд өш санаж, барьцаалдаг ажилтны дүрийг бүтээжээ. Гэвч энэ бол энгийн нэгэн өшөө авалт бус гэдгийг киноноос үзэх боломжтой. Шүүмжлэгчид тус бүтээлийг цэвэр хийсвэр сэтгэлгээнийх атлаа донтуулам үйл явдалтай, үнэхээр гаж болов хоржооноор дүүрэн, төгсгөлийн гэнэтийн үйл явдал нь жинхэнэ оюуны санааны дэлбэрэлт хэмээн дүгнэжээ.
FRANKENSTEIN

Найруулагч: Гильермо дель Торо
Гильермо дель Торо Франкштейний түүхийг өөрийн өвөрмөц, харанхуйн уран сэтгэмжээр дахин амилуулжээ. Түүний найруулга айдас, гуниг ганцаардал, хүний оршихуйн тухай гүн ухааны асуултыг нэгтгэх болно.
Оскар Айзекийн бүтээсэн Франкенштейний дүр нь жинхэнэ ганцаардмал баатар болсон нь үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлэх болов уу. Харин Миа Готын дүр хүний эмзэг, зөрчилтэй талуудыг тодотгоно.
Тус кино зөвхөн аймшгийн бус хүн төрөлхтний ёс суртахуун, хариуцлагын тухай эргэцүүлэл болжээ.
SENTIMENTAL VALUE

Найруулагч: Йокам Триер
Ер нь дурсамж хэмээх эмзэг зүйл хүнийг аварч ч чадна, нурааж ч мэднэ. Бидний барьж явдаг хамгийн хэврэг атлаа хүнд ачаа бол өнгөрсөн цаг юм. Прүст “Дурсамж бол бодит байдлаас илүү үнэн байдаг” хэмээсэн нь ч учиртай. “Sentimental Value” кино яг энэ эмзэг зааг дээр, бодит ба дурсамжийн дунд хөвөрдөг.
Киноны төвд орших харилцаа бол эцэг, охидын хоорондын үл ярилцсан түүх. Густав бол нэртэй кино найруулагч, харин аавын хувьд үргэлж хоцрогдмол хэлтэрхийтэй хүн. Тэр өөрийн бичсэн кино зохиолыг охин Норад санал болгохдоо уран бүтээлээ үзүүлж байгаа мэт боловч үнэндээ уучлалт гуйж байна. Гэвч уучлал гуйна гэдэг бас л урлаг шиг цаг хугацаа, дотоод бэлтгэл шаарддаг зүйл аж. Нора татгалзана. Түүний доторх шарх кино зохиолоор нөхөгдөхгүй. Ингэхдээ тэр гомдлоо чангаар хэлэхгүй, харин өөрийгөө улам алсруулна. Энэ л нам гүм эсэргүүцэл “Sentimental Value”-ийн гол өгүүлэмж юм.
Байшин, өрөө тасалгаа, цонхоор харагдах гудамж хүртэл дурсамжийн сав мэт. Ээжийнх нь амьдарч байсан байшин бол зүгээр нэг орон зай бус харин цаг хугацаа биеэ хумьж хураасан төрхтэй үзэгдэх шиг санагддаг. Тэнд амьдарч байсан хүмүүсийн инээд, зөрчил, оройн зоог бүгд хананд нь шингэсэн мэт. Тиймээс байшинг зарах, үлдээх асуудал нь бодит эд хөрөнгийн бус сэтгэлийн үнэ цэнийн маргаан болж хувирна. Кино ингэж “sentimental value” буюу сэтгэлийн үнэ цэн гэдэг зүйл мөнгөөр хэмжигдэхгүйг энгийн атлаа өр өвдөм байдлаар харуулна.
II. МОНГОЛ
НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР

"Номадиа" болон "Хүлэгү" пикчерсийн хамтын бүтээл "Надад ирээгүй хайр" кино энэ онд хамгийн олон үзэгчтэй дэлгэцийн уран бүтээлийн нэг байв. Тус киноны гол дүрүүдийн талаарх үзэгчдийн мэтгэлцээн, сэтгэгдэл нэг хэсэг цахим орчинд шуугиан тарьжсан юм.
Нийт 20 ангитай эл бүтээлийг ОХУ-ын "Гэсэн ч би хайртай" киноны зохиолын дагуу, албан ёсны эрхтэйгээр бүтээсэн агаад үйл явдал өрнөх ахуй, хүн хоорондын харилцаа, дүрүүдийн дотоод зөрчил, зан авирын олон талт шинжийг монгол хөрсөн дээр буулган бүтээжээ.
Тус киноны найруулагчаар Б.Жаргалсайхан ажиллаж, гол дүрүүдэд Н.Нархажид, Ч.Түвшинтөгс, С.Болормаа, Ц.Анужин нар тогложээ.
Амьдралд тохиох чухал мөчүүд, хүний мөн чанар, хайрын үнэ цэнийн тухай уг кинонд өгүүлнэ.
МӨРЧ

Найруулагч: П.Дэлгэрбаяр
Энэ онд нээлтээ хийсэн онцлох кинонуудын нэг бол найруулагч П.Дэлгэрбаярын “Мөрч” олон ангит кино. 1911 он буюу Манжийн төр ганхаж эхэлсэн цаг үед өрнөх агаад төв халхын нэгэн хошуу ноёны агийн үхэл болоод нууцлаг аллагын хэргийг цээж Дамдин буюу гол дүрийн мөрч илрүүлж байгаа тухай өгүүлнэ.
Хамгийн гол нь хэрэг болсны дараах шуугианаас илүүтэй түүнд хүргэсэн учир шалтгаан, алуурчин болоод тэдгээрийг тойрсон дүрүүдийн дотоод зөрчилд илүүтэй анхаарал хандуулж, углуургаас нь эхлэн учир явдлыг зурагласнаараа онцлогтой.
Мөрч бол кино урлагийн хамгийн алдартай мөрдөгч Шерлок Холмс шиг мэргэжлийн суутан биш. Тэр алдаа гаргаж, эргэлзэж, заримдаа өөрийнхөө үнэт зүйлсийн эсрэг зогсох ч шаардлагатай болдгоороо онцлогтой. Мөн кинонд гэмт хэргээс гадна тухайн үеийн хүмүүсийн зан чанар, хэт их ярихаас илүүтэй аливааг дотроо тээж, чимээгүйхэн аж төрөх хийгээд зөв, буруугийн хил хязгаар бүдгэрч, бодол нь манантсан, эрх мэдэл, түүнээс зуурч үлдэх ноёдын сэтгэлзүй, хамжлагат ардын сэтгэлзүйг ч давхар тусгасан байдаг.
СЭТГЭЛИЙН ЗУРАГ
-660x0.png)
Найруулагч: Ж.Сэнгэдорж
Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл болох “Сэтгэлийн зураг” кино Эстони улсын Таллин хотод энэ сарын 7-23-нд болсон 29 дэх удаагийн “Хар шөнө” олон улсын кино наадмын “Азийн киног дэмжих сүлжээ” (NETPAC) байгууллагын шүүгчдийн шагналыг хүртсэн билээ.
Төдийлөн Монголын үзэгчдэд хүрээгүй байгаа уг бүтээлд уран бүтээлчийн тухай өгүүлдэг. Өнгө, зураглал, мөн дүрийн туулж буй ертөнцтэй холбогдох дам бэлгэдлүүд гээд зөвхөн эл найруулагчаас харж болох өгүүлэмжүүд кинонд бий. Гэхдээ илүү намуухан, удаан хөдөлгөөнтэй кадрууд үргэлжлэхдээ дүрийнхээ бодол санааг дүрсний хэлээр зурагладаг.
ШАЛЗ

Найруулагч: Б.Амарсайхан
Найруулагч Б.Амарсайханы “Шалз” кино нээлтээ хийсэн даруйд “Action” төрлийн монгол кинод шинэ жишиг тогтоосон гэх өндөр үнэлгээг үзэгч, шүүмжлэгчдээс авсан юм. Тус киног “17” продакшн, “Номадиа”-пикчерстэй хамтран бүтээжээ.
Хууль бусаар мөнгө хүүлдэг бүлэглэлийн гишүүн Шалзын ээлжит хохирогч нь учир битүүлгээр нөхрөө алдсан Заяа гэх эмэгтэй байв. Тэдний санаандгүй учрал гол дүрийн олон жил шаналж явсан сэтгэлийн шархыг нь сэдрээнэ. Ийнхүү дахиж харамсахгүйн тулд Шалз өөрийн хүчин зүтгэж явсан хүчтэй бүлэглэлээс урваж Заяад туслахаар шийддэг. Бүгдийг дуусгахаар шийдсэн эл сонголт бүх зүйлийг эхлүүлнэ.
ТЭГ ЦЭГ ҮЙЛДЭЛ

Найруулагч: Э.Алдар
Уурхайд жолоочоор ажилладаг Тэнгис ээлжийн ажлаасаа буун хайрт гэргий Хүслэнтэй уулзаж гэртэй очиход нэгэн хүргэлтийн ажилтан ирж учир битүүлэг зүйл ярьж Тэнгисийг хорооно. Гэтэл Тэнгис хэдхэн минутын өмнө Хүслэнтэй гэртээ ирж байгаагаар дахин сэрэх боловч дахин хүргэлтийн ажилтан учир битүүлэг зүйл ярьсаар тэднийг мөн л үгүй хийдэг. Тэнгис энэ бүхний учир шалтгааныг олох хүртлээ дахин, дахин сэрж амьдрах ёстой болно. Физикч Тэнгис болон түүний гэргий прокурор Хүслэн хоёр цаг хугацааны гогцоонд шидэгдсэн нь нэг цэгт хүрч тайлагдах ёстой.
Уг бүтээлийн зохиолыг Э.Алдар бичиж, мөн найруулагчаар ажиллажээ. Ерөөс аливаа юмс учир шалтгаан бий. Гэвч энэ нь дан гагц үйлдлээр хязгаарлагдахгүй. Үйлдэл өөрөө хүний ухамсар, бодлоос эхтэй ч гэлээ өнгөрсөнд ямагт хүлээтэй, тэндээс үргэлжлэх хөврөх зүг чигийн олон салаа замууд бидний өмнө байдаг.