
Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн 2025 оны шүүн таслах ажиллагааны статистик мэдээг олон нийтэд танилцууллаа.
Монгол Улсын шүүх 2025 онд 240 538 хэрэг, маргааныг хүлээн авснаас 176 136 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхүүд 2025 онд 228 116 хэрэг, маргааныг хүлээн авснаас 167 990 хэрэг, маргаан буюу 73.6 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 15 712 хэрэг, иргэний 95 408 хэрэг, захиргааны 2132 хэрэг, зөрчлийн 54 738 хэрэг нийт 167 990 хэргийг хянан шийдвэрлэж, 1641 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 1030 хэргээр буюу 7.0 хувиар, иргэний хэрэг 21681 хэргээр буюу 29.4 хувиар, зөрчлийн хэрэг 9555 хэргээр буюу 21.1 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 304 хэргээр буюу 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Давж заалдах шатны шүүх 2025 онд 9550 хэрэг хүлээн авснаас 7670 хэрэг буюу 80.3 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 2681 хэрэг, иргэний 3010 хэрэг, захиргааны 804 хэрэг, зөрчлийн 1175 хэрэг нийт 7670 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 70 хэргээр буюу 2.7 хувиар, иргэний хэрэг 36 хэргээр буюу 1.2 хувиар, зөрчлийн хэрэг 346 хэргээр буюу 41.7 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 5 хэргээр буюу 0.6 хувиар буурчээ.
Хяналтын шатны шүүх 2025 онд 2872 хэрэг хүлээн авснаас хяналтын шатны шүүх хуралдаанаар 476 хэрэг буюу 16.6 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 122 хэрэг, иргэний 236 хэрэг, захиргааны 118 хэрэг нийт 476 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 22 хэргээр буюу 15.3 хувиар, иргэний хэрэг 85 хэргээр буюу 26.5 хувиар, захиргааны хэрэг 20 хэргээр буюу 14.5 хувиар тус тус буурсан дүн гарчээ.
Шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс 2025 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд 7 нөлөөллийн мэдүүлэг хөтлөн ирүүлсэн байна.
Шүүхээс нэр бүхий этгээдийг өөрт ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор шүүгч болон шүүгчийн туслахад хахууль өгөхийг оролдож нөлөөлөхийг оролдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн нэр бүхий этгээдээс шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбогдуулан дайрч давшлан, зүй бус авирлах зэргээр нөлөөлөхийг оролдсон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 5.2-1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.