
УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга уулзалтын эхэнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны гол механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдааныг тус улсын талаас тэргүүлж буй эрхэмтэй уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт "Миний бие Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Монгол, Вьетнам улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэгтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Харин Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа тус улсын Зэвсэгт хүчинд мах нийлүүлэх, эргээд чанартай, хямд цагаан будаа авах ажлыг амжилттай хэрэгжүүлснийг дуулгав. Мөн монголчууд тус улсад олноор зорчих болсонтой адил Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэн вьетнамчууд зорин ирэх, зорчих урсгалыг хоёр болгоход хамтран ажиллах нь чухал хэмээн УИХ-ын дарга онцлон тэмдэглэлээ.
Хоёр талын худалдааны эргэлт одоогоор 100 сая ам. долларт хүрээд байгааг УИХ-ын дарга тодотгоод, тус улсын аж үйлдвэрийн салбараа эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн паркууд байгуулан бараа, бүтээгдэхүүнээ амжилттайгаар экспортолж буй туршлагад тулгуурлан хөдөө аж ахуйн салбар, ялангуяа газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах, экспортлох асуудалд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг хүслээ.
Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг, цаг зав гарган хүлээн авч уулзсанд УИХ-ын даргад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны мэндчилгээг уламжлав.
Тэрээр хоёр улсын хооронд тогтоосон өнө эртний найрсаг харилцааг эрчимжүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа ажил хэрэг болгоход онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглэсэн. Түүнчлэн хоёр улсын парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Ноён Чинь Вьет Хунг хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулахад дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулах, ялангуяа тээвэр логистикийн асуудлыг сайжруулахад УИХ-ын даргын хувьд үргэлжлүүлэн анхаарал тавьж ажиллана гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлэв.