
Roblox платформ дээр ажилладаг бие даасан хөгжүүлэгчид хүүхдийн аюулгүй байдлын одоогийн арга хэмжээнүүд хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, эцэг эхчүүдийг хүүхдүүдээ “24 цагийн турш” хянах шаардлагатай гэдгийг анхаарууллаа.
Их Британид 8–12 насны хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл тоглоомын платформ болох Roblox нь 2024 онд дэлхий даяар өдөрт дунджаар 80 сая гаруй хэрэглэгчтэй байсан бөгөөд тэдний ойролцоогоор 40 хувь нь 13-аас доош насныхан байжээ.
Sam хэмээх нууц нэрээр ярилцлага өгсөн хөгжүүлэгч “Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ байнга хянах боломжгүй бол Roblox тоглуулахгүй байх нь зүйтэй” гэж хэлсэн байна.
Roblox-ийн төлөөлөгч үүнд хариулахдаа “аюулгүй байдал бол тэргүүлэх зорилт” бөгөөд хортой контент, харилцаанаас хамгаалах дэвшилтэт шүүлтүүр, хамгаалалтын системүүдийг ашигладаг гэж мэдэгдсэн байна.
Тус платформ нь хэрэглэгчдэд өөрсдөө тоглоом бүтээх, бусдын бүтээлийг тоглох боломж олгодог нээлттэй орчин бөгөөд тоглогчид хоорондоо шууд харилцах боломжтой. Контент бүтээгчид тоглоомын тайлбар болон насны ангиллыг заавал оруулах ёстой ч шүүмжлэгчид энэ нь хангалтгүй гэж үздэг.
Sam өөрийн туршлагаас дурдсанаар зарим хэрэглэгчид хүүхдүүдийг танихгүй хүмүүстэй зохисгүй харилцаанд татан оруулах оролдлого хийдэг бөгөөд зарим тохиолдолд тоглоомоос гадуур харилцахыг уриалдаг байна. Энэ нь Roblox-ийн дүрэмд харш юм. Мөн тэрбээр хүчирхийлэл агуулсан, бодит халдлагыг дуурайлган хийсэн тоглоомууд платформ дээр байгааг дурдсан бөгөөд ийм контентуудын талаар мэдээлсэн ч зөвхөн 30 орчим хувьд нь л арга хэмжээ авдаг гэжээ.
Roblox-ийн зүгээс хэрэглэгчдийн зан төлөвийг байнга хянаж, насны баталгаажуулалттай нийцэхгүй тохиолдолд дахин шалгуулдаг гэж тайлбарласан байна. Мөн хүүхдүүдийг өөр насны хэрэглэгчидтэй харилцах боломжийг хязгаарлах арга хэмжээ авсан гэж мэдэгджээ.
Энэ нь Roblox платформ анх удаа шүүмжлэлд өртөж буй хэрэг биш юм. 2025 онд тус компанийн гүйцэтгэх захирал Дэйв Басзуки мөн эцэг эхчүүдэд өөрсдийн дүгнэлтэд тулгуурлан шийдвэр гаргахыг зөвлөж байсан.
Зарим улс орнууд хүүхдийн аюулгүй байдлын үүднээс Roblox-д хориг тавьсан. Тухайлбал, ОХУ, Турк улс бүрэн хориглосон бол Индонез улс 16-аас доош насныханд ашиглахыг хориглох шийдвэр гаргаад байна. Их Британид ч мөн хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлах талаар хэлэлцэж эхэлжээ.