
УДБЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” балетыг ирэх сард тайзнаа дахин толилуулна.
Тус балетын хөгжмийг П.И.Чайковский зохиож, цомнолыг В.И.Бегичев, В.Ф.Гельцер нар бичсэн бол монгол дахь балетмейстерээр Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, АЖ Б.Жамъяндагва, ерөнхий зураачаар МУУГЗ Ч.Гунгаасүх ажиллажээ.
П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван балет туурвисан бөгөөд “Хунт нуур”-ыг дэлхийн сонгодог балетын оргил бүтээл хэмээн үнэлдэг. Учир нь энэхүү бүтээлд бүжиглэсэн уран бүтээлчид сонгодог академик арга барилын өндөр ур чадварыг эзэмшсэн жинхэнэ балетын жүжигчин болдог хэмээн дүгнэдэг байна.
Өдгөө “Хунт нуур” нь дэлхийн олон орны театрын тайзнаа хэдэн мянган удаа тоглож, сонгодог урлагийн үнэт өв болон мөнхөрчээ. Ялангуяа Одетта-Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчдын ур чадварын оргил сорилтод тооцогддог.