
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Энэ үеэр НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэл хотын хөгжил зөвхөн зам, барилга байгууламжаар хэмжигдэхгүй. Харин хүүхэд, гэр бүлд ээлтэй, хүн төвтэй хот байх учиртай. Тиймээс нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотод эхлүүлнэ. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн ордны засвар, тохижилтын ажлыг эхлүүлж, мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөөд байна” гэлээ.