
Малайзын Пенанг хотод болж буй талбайн теннисний олон улсын нээлттэй тэмцээ өнөөдөр хаалтаа хийнэ. 9-10, 11-12, 13-14 насны ангилалд болж буй “41st Penang Open International Juniors’ Tennis Championship 2026” олон улсын тэмцээнд 19 улс, бүс нутгийн өсвөрийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээнд Азийн орнуудаас гадна Франц, Австрали, Узбекистан, Турк зэрэг орны шилдэг тамирчид оролцож байгаагаараа онцлог юм.
U10 насны хөвгүүдийн хосын төрөлд Монгол Улсын тамирчин А.Тулга, Ц.Тэнгис нар мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчид аваргын төлөө БНСУ-ын хостой тоглож ялагдлаа. Мөн манай өсвөрийн тамирчдаас U12 охидын хосын төрөлд Б.Анир, Г.Энэрэл, U12 хөвгүүдийн ангилалд Т.Үлэмжтөгөлдөр, U14 охидын ангилалд С.Чинболор нар амжилттай тоглож, 2-3 хожил авсан юм.
Ази тивээс гадна Европ тивийн шилдэг багууд өрсөлдөж буй уг тэмцээн нь Монголын өсвөрийн тамирчдын бэлтгэл, ур чадварын түвшнийг олон улсын өрсөлдөөнд бодитоор үнэлэх, ялгаатай тоглолтын арга барилтай тамирчидтай хүч сорих, цаашдын хөгжлөө тодорхойлох чухал ач холбогдолтой аж.

