Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Украины дайнд амиа алдсан цэргүүддээ хүндэтгэл үзүүллээ. Умард Солонгос улс Оросын талыг дэмжиж цэргүүдээ Украины байлдааны талбар руу илгээсэн тухай Өмнөд Солонгос болон Америк, Украин зэрэг өрнөдийн орнуудын тагнуулын албанаас мэдээлж ирсэн.

Чухам хэд хичнээн тооны цэргийг Умард Солонгос Украин руу илгээсэн нь албан тоо баримтаар нотлогдоогүй. Гэвч Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Украинд байлдаж байгаад амиа алдсан цэргүүддээ хүндэтгэл үзүүлжээ. Энэ үйл явдлыг Умард Солонгосын төрийн мэдлийн сувгаар дамжуулсан байна.

Украинтай байлдаж эхэлснээсээ хойш ОХУ Умард Солонгостой харилцаа, хамтын ажиллагаагаа түүхэн дээд түвшинд хүргэсэн. Өнгөрсөн жил Оросын Ерөнхйилөгч Владимир Путин Умард Солонгос улсад айлчилсан нь хоёр улсын харилцаа цоо шинэ түвшинд гарсныг харуулсан юм.

Путины айлчлалын үеэр хоёр улс олон талт хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг байгуулсан. Тэр дундаа батлан хамгаалах, цэрэг армийн салбарт хамтарч ажиллах хамгийн чухал хэлэлцээ хийгдсэн. Энэ хэлэлцээрийн хүрээнд Пёньян цэргүүдээ Оросын талд байлдуулахаар Украин руу илгээсэн гэж өрнөдийн хэвлэлүүд мэдээлээд байгаа юм.

Орос, Умард Солонгос улсууд батлан хамгаалах, цэрэг армийн салбарт олон талаар хамтарч ажиллах олон тооны гэрээ хэлцлийг байгуулсны нэг жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Пёньян хүндэтгэлийн концерт тогложээ. Энэ концертод Оросын Соёлын сайд Ольга Любимова ирж оролцсон байна.

Концертын үеэр Ким Жон Ун Умард Солонгосын туг далбаагаар хучсан дайны үеэр нас барсан цэргүүдийн шарилд хүндэтгэл үзүүлж байгаа зургийг тайзан дээрээс харуулжээ. Ким удирдагч цэргүүдийн шарилд хүндэтгэл үзүүлэхдээ сэтгэл хөдөлсөн байдалтай харагдсан бөгөөд зэвсэгт хүчний нэрийн өмнөөс гүн харуусал, хүндлэл илэрхийлж байна хэмээн төрийн мэдлийн сувгаар нь дамжуулсан байна.

Хүндэтгэлийн концерт Пёньяны Гранд театрт болсон байна. Тоглолтод Умард Солонгосын уран бүтээлчдээс гадна Оросын уран бүтээлчид зочноор оролцжээ.

Хэдийгээр Өмнөд Солонгос, өрнөдийнхөн Умард Солонгосын цэргүүд Украины дайны талбарт байлдаж байгааг мэдээлсээр ирсэн ч Пёньян хэдэн сарын турш үгүйсгэсэн. Эцэст нь энэ жилийн дөрөвдүгээр сард Путин, Ким хоёулаа мэдээллийг хүлээн зөвшөөрч, Умард Солонгосын Украинд байлдаж байгаа цэргүүдийг баатрууд хэмээн сайшааж магтсан юм.

Харин энэ удаад Ким Жон Ун өөрийн биеэр цэргүүдээ алдсанаа харуулж байгаа нь өрнөдийнхний мэдээллийг бататгаад зогсохгүй Умард Солонгос цэргүүдээ дайны ялалтын баатрууд гэж тунхаглахыг хүссэн явдал гэж Умард Солонгос судлаачид үзэж байна.

Умард Солонгосын тал өнгөрсөн жилийн намраас хойш Украинд Оросын талд байлдуулахаар 15,000 гаруй цэрэг илгээсэн гэж үзэж байгаа юм. Эдгээр цэргүүдийн 4,700 нь шархдаж, 600 нь нас барсан гэж Өмнөд Солонгосын тагнуулыг алба мэдээлжээ. Мөн энэ жилийн долоо болон наймдугаар саруудад Пёньян нэмж цэрэг илгээх тухай тагнуулын мэдээ ирсэн байна.

Умард Солонгос ингэж цэргээ илгээснийхээ хариуд Москвагаас эдийн засаг, хиймэл дагуулын технологи, баллистик пуужингийн хөгжүүлэлт, бусад шинэ технологийн зэвсгүүдийн дэмжлэг авч байгаа гэж үздэг.