
Германы сонгодог туурвилч, хувь хүний дотоод дахь эмзэглэлийг уран яруу илэрхийлсэн Нобелийн шагналт зохиолч Пауль Хейз энэ өдөр төржээ.
Түүний бүтээлүүдийг уншихад үйл явдлаас илүү хүний сэтгэлийн далд урсгал, шийдвэр гаргах агшин, тухайн мөчийн үнэн чанар тодордог. Доорх таван бүтээл нь түүний уран зохиолын ертөнцийг ойлгох гол түлхүүр болно. Ерөөс Пауль Хейзегийн бүтээлүүдийг уншихад том үйл явдал, сүртэй драм хайх хэрэггүй. Харин ч эсрэгээрээ, хүний дотоод ертөнцийн намуухан хөдөлгөөн, нэг үг, харцнаас ургах хувь заяаны эргэлтийг анзаарах нь чухал. Түүний уран зохиол гадагш хашхирдаггүй, харин дотогш чиглэсэн өгүүлэмжтэй. Тиймдээ зохиолын дүрүүдийг нь бясалгагч гээд тодорхойлчиход буруудахгүй.
L'ARRABBIATA
Энэ тууж нь Хейзегийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд түүнийг Нобелийн шагналд хүргэсэн ур чадварыг илэрхийлдэг. Италийн өмнөд нутгийн эгэл охины дотоод бардам зан, хайр, итгэл, гомдлын огтлолцлыг тун энгийн атлаа нягт бүтэцтэйгээр харуулжээ. Гол дүрийн “омог” гэх тодотгол нь гаднах зан араншин бус харин эмзэглэлээ хамгаалж буй хүний дотоод хана болох нь аажмаар мэдрэгдэнэ. Хейзе энд хайр дурлалыг романтик хийсвэрлэл бус бардам зан, ганцаардалтай зэрэгцэн орших бодит мэдрэмж болгон илэрхийлсэн юм.
KINDER DER WELT
Уг роман нь нийгэм, хувь хүний зөрчил, залуу үеийн үнэт зүйлсийн эрэл хайгуулыг харуулсан томоохон бүтээл. Хейзе залуу хүмүүсийн хүсэл мөрөөдөл, бодит амьдралын хязгаарлалт хоорондын зөрчлийг тун нарийн ажиглаж, тэдний дотоод эргэлзээг гүнзгий гаргасан. Романы онцлог нь дүрүүдийг зөв, буруу гэж ялгахгүй, харин амьдралын нөхцөл дунд хэрхэн өөрчлөгдөж байгааг нь харуулдагт оршино. Иймээс энэ бүтээл уншигчийг дүгнэлт хийхээс илүү бодолд автуулдаг.
IM PARADIESE
Уран бүтээлч хүний амьдрал, гоо зүйн эрэл, амьдралд тэнцэхүйн тухай асуулт. Эл бүгдийн хоорондын зөрчлийг өгүүлсэн гүн ухааны өнгө аяс давамгайлсан роман. Урлагийн “диваажин” гэж юу вэ, тэр нь бодит амьдралд оршиж чадах уу гэсэн асуулт төгсгөлд нь урган гарна.. Хейзе энд уран бүтээлчийн дотоод ганцаардал, төгс төгөлдөрт тэмүүлэх хүслийг бясалгал мэт хэмнэлээр өгүүлжээ.
ANDREA DELFIN
Энэхүү роман нь Италийн түүхэн орчинд өрнөх бөгөөд хувь хүний эрх чөлөө, хайр, нийгмийн хязгаарлалтын тухай өгүүлдэг. Гол дүрийн хувь заяа нь зөвхөн түүний сонголтоос бус цаг үеийн нөхцлөөс шалтгаалж хэрхэн эргэж байгааг харуулна. Хейзе түүхэн орчныг зүгээр нэг тайз болгон ашиглахгүй, харин дүрийн сэтгэл зүйтэй нягт холбож өгсөн нь энэ бүтээлийг онцгой болгодог.
NOVELLEN
Хейзегийн бичгийн ур чадвар илэрдэг гол талбар бол өгүүллэгүүд. Түүний “новелла”-гийн онол нь өгүүллэг заавал нэг төв зангилаатай, төгс бүтэцтэй байх ёстой гэсэн зарчимд тулгуурладаг. Уг түүвэрт багтсан олон өгүүллэгт хүний амьдралын нэг л агшин, нэг л шийдвэрийг онцолж, тэр агшнаас бүхэл бүтэн хувь заяа хэрхэн бүрдэж байгааг харуулна. Түүний бичлэгийн хэв маяг энгийн мэт боловч давхар бэлгэдэл ихтэй.