
Европ даяар хүчтэй халууны давалгаа үргэлжилж буй энэ үед Итали улсын томоохон хотууд хамгийн өндөр буюу "улаан" түвшний халууны сэрэмжлүүлэг зарлалаа.
Хэт халалтын улмаас Европын хэд хэдэн оронд агаарын температур 40 хэмээс давж, сая сая хүнд эрүүл мэндийн анхааруулга хүргэжээ. Австрийн түүхэн дэх хамгийн өндөр температур бүртгэгдэж, Францад ой хээрийн түймэр улам газар авч, эрчим хүч, тээврийн системүүдэд хүндрэл үүсээд байна.
Эрдэмтэд болон албаныхан уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ийм төрлийн эрс тэс халалтын үзэгдэл улам ойр ойрхон, илүү хүчтэй болж байгааг анхааруулж байна.
Газрын дундад тэнгисийн бүсээс Төв Европ хүртэл үргэлжилсэн халуун, ган, ой хээрийн түймэр нь зуны улирлын нийтлэг шинж болж эхэлжээ.
Италийн Эрүүл мэндийн яам улсын халууны тандалтын системд хамрагддаг 27 хотыг бүгдийг нь пүрэв гарагт хамгийн өндөр буюу улаан түвшний сэрэмжлүүлэгт шилжүүлжээ. Энэ нь энэ онд анх удаа бүх хот нэгэн зэрэг хамгийн өндөр түвшинд хүрсэн тохиолдол юм.
Сэрэмжлүүлэг нь зүүн хойд хэсгийн Триест хотоос эхлээд Сицилийн Палермо хүртэл бүх нутгийг хамарч байгаа бөгөөд зөвхөн өндөр настнууд, архаг өвчтэй хүмүүс төдийгүй нийт хүн амд эрүүл мэндийн эрсдэл учирч байгааг илэрхийлж байна.
Иргэд болон жуулчдад:
Зарим бүсэд агаарын температур 40°C хүрэх төлөвтэй байна.
Халууны улмаас аялал жуулчлалын томоохон дурсгалт газруудын ажиллах цагийг өөрчилжээ. Тухайлбал, Колизей, Пантеон зэрэг газруудыг орой ажиллах цагийг уртасгасан байна.
Мөн Колизейн орцуудад сэрүүцүүлэх усан манангийн төхөөрөмж суурилуулж, нэмэлт эмнэлгийн тусламжийн цэгүүд ажиллуулжээ.