
Ирэх даваа гарагт хуралдах НИТХ-ын ээлжит хуралдаанаар ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг нөхөх арга хэмжээний тухай тухай хэлэлцэнэ.
Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшингийн танилцуулснаар төрийн өмчийн 332 сургуульд 336 мянга гаруй сурагч англи хэлний хичээлийг судалж байгаа бөгөөд англи хэлний 1403, англи орос хэлний 129 нийт 1532 багш 7 хоногт нийслэлд 38.324 цагийн англи хэлний хичээлийг орж байна. Багшийн 7 хоногийн ачааллыг дунджаар 22 цагаар тооцож үзэхэд нийслэлийн хэмжээнд 210 багшийн дутагдалтай байна. Тэгвэл Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаагаар өнгөрсөн 3-р сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа аж. Иймд Нийслэлийн боловсролын газраас ЕБС-иудад гадаадаас англи хэлний багш ажиллуулж байгаа туршлагыг үндэслэн шаардагдах зардлын тооцооллыг 200 багшаар хийж үзэхэд нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөг шаардагдахаар байна.
Гадаад багш нарыг ажиллуулах нь сурагчдад англи хэлний мэдлэгийг өндөр түвшинд олгоход чухал бөгөөд багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр нөлөөтэй гэж үзэж буй.