
2026–2027 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, бүртгэлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Энхжаргалаас тодрууллаа.
-Энэ жилийн Элсэлтийн шалгалтад хэдэн шалгуулагч бүргүүлсэн бэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар өөрчлөлт орсон бэ?
-Энэ жилийн Элсэлтийн шалгалтад 49 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсэн. Шалгалтыг зургаадугаар сарын 25–28-ны өдрүүдэд зохион байгуулна. Улсын хэмжээнд нийт 54 шалгалтын байранд шалгалт авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өмнөх жилүүдэд мөрдөж ирсэн журмын дагуу зохион байгуулах бөгөөд энэ жилийн хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.
-Шалгалтын даалгаврыг ямар зарчмаар боловсруулдаг вэ. Шалтгалтын материал задрахгүй байх тал дээр хэрхэн анхаардаг бол?
-Шалгалтын даалгаврыг тухайн хичээлийн чиглэлээр олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гаргасан, мэргэжлийн боловсролын зөвлөх зэрэгтэй, туршлагатай багш нараас сонгосон баг боловсруулдаг. Мөн их, дээд сургуулийн нэг багш оролцож, нэг хичээлийн даалгаврыг хоёр багш хамтран зохиодог. Зохиосон даалгаврыг мэргэжлийн хяналтын баг дахин нягтлан шалгаж, гурван талын санал нэгдсэний үндсэн дээр тухайн хичээлийн шалгалтын материал бэлэн болдог. Бэлэн болсон материалаа орон нутаг руу Тагнуулын ерөнхий газраар дамжуулан хүргэдэг. Нийслэлийн шалгуулагчдын материалыг мөн адил Тагнуулын ерөнхий газар хадгалдаг. Даалгавар боловсруулах багийнхан мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор хотоос зайдуу байрлах амралтын газарт, тусгаарлагдсан орчинд нэг сарын хугацаанд ажилладаг. Энэ хугацаанд тэд цагдаагийн хамгаалалтад байдгаас гадна харилцаа холбооны хэрэгслийг нь хураан авдаг. Шалгалт дууссаны дараа хамгаалалтаас гаргадаг.
-ЭЕШ-ын хураамж жил бүр нэмэгдэж байгаа шалтгаан юу вэ. Шалгуулагчаас хураасан мөнгийг юунд зарцуулдаг вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хураамжийг Боловсролын үнэлгээний төв (БҮТ) захиран зарцуулдаггүй. Тус мөнгө Сангийн яамны дансанд төвлөрдөг. Харин БҮТ нь Боловсролын яамнаас баталсан төсвийн хүрээнд ЭЕШ зохион байгуулах бэлтгэл ажлыг хангадаг. Энэ жилийн хувьд 49 мянга орчим шалгуулагчийн материалыг хэвлэх, савлах, хүргэх зэрэг зардлыг тооцон, нэг шалгалтын бодит өртгийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээр судлуулсны үндсэн дээр хураамжийн хэмжээг нэмсэн. Нэг хичээлийн шалгалтын хураамжийг 20 мянган төгрөгөөр тогтоосон. Үүнийгээ тодорхой хугацаанд тогтвортой байлгана.
-Их дээд сургуульд элссэн суралцах босго оноонд энэ жил өөрчлөлт орсон уу?
-Боловсролын яам босго оноог тогтоодог. Энэ жилийн хувьд босго оноо 10 оноогоор нэмэгдсэн. Улмаар улсын сургууль 490, хувийн сургууль 480 босго оноотой болсон.
-Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдад зориулсан ямар зохицуулалт байдаг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч манайд өргөдөл гаргадаг. Тэр өргөдлийн дагуу өөрийнх нь хүсэлтэд тохируулаад шалгалтын хугацааг сунгах, varial үсгээр шалгалтын материалын хэвлэж өгөх, дохионы багш ажиллуулах, томруулах шил ашиглуулах, өөрөө хариултаа хэлж өгөөд багш хариултын бөглөх зэргээр ажиллана. Мөн шалгалтын хугацааг нь 20 минутаар сунгаж өгдөг.
-Шалгуулагч жилд хоёр удаа өгөх боломжтой. Энэ тохиолдолд аль хугацаанд өгсөн шалгалтын дүнг хүчинтэйд тооцдог журамтай вэ?
Ижил өндөр оноо авсан хүүхдүүдийг нэг эрэмбэд оруулдаг. Жишээ нь анхны оноо хэмжээст оноо нь хэд байхыг тооцоод нэг дугаарлалтад оруулдаг. Шалгуулагч зургаа болон арван хоёр сард шалгалт өгсөн тохиолдолд аль өндөр оноогоо хүүхэд нэг л удаа ашиглана.
А.Цагааншүхэрт