Нүүрсний экспортын орлого огцом буурсан нь Монголын дараагийн засгийн газарт сорилт болно гэж Fitch Ratings мэдэгдэв. Тус агентлагаас гаргасан мэдэгдэлд улс төрийн тогтворгүй байдлыг хурдан шийдвэрлэж бодлогын тасралтгүй байдлыг дэмжвэл Засгийн газар нүүрсний үнийн бууралтад хариу арга хэмжээ авах боломжтой болохыг дурджээ. Мөн тогтворгүй байдал удаан үргэлжлэх нь Монголын зээлийн үзүүлэлтүүдэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг сануулсан байна.
Тус агентлаг 2024 оны есдүгээр сард Монгол Улсыг гадаад өрийн дарамтаа бууруулж, санхүү, төсвийн сахилга батыг сахихаас гадна валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлж, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлсэн зэрэг үзүүлэлтээр зээлжих зэрэглэлийг "B+ тогтвортой" түвшинд хүргэснээ зарлаж байсан юм.
Монголын барааны экспорт өнгөрсөн дөрөвдүгээр сард 13 хувиар буурсан нь нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 39 хувиар буурсантай холбоотой. Гэхдээ зэсийн экспорт өмнөх оны мөн үеэс 58 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Экспорт сул байгаа нь урсгал тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Инфляцын дарамт нэмэгдэж буй энэ онд Монголбанк бодлогын хүүгээ 12 хувь болгон өсгөсөн бол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2024 оны эцсээс тавдугаар сарын сүүлч хүртэл 4.3 хувиар сулраад байна.
Гадаад валютын албан нөөц 2025 оны дөрөвдүгээр сард 5.1 тэрбум ам.долларт байсан бол нэгдүгээр сараас хойш Монголбанкны гадаад өр 470 сая ам.доллараар нэмэгдсэн дүнтэй байгаа юм.