
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн мод” хүндэтгэлийн ёслолын ажиллагаа 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно.
“Мөнгөн мод-2025” наадмын хүрээнд соёл, урлагийн салбарын шилдгүүдийг хоёр үндсэн ангиллаар тодруулна. Тодруулбал, шилдэг бүтээл-ийн 14 төрөлд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл зэрэгт шилдгүүдийг тодруулна.
Харин шилдэг уран бүтээлч-ийг 11 төрөлд найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн номинациар шилдгүүдийг шалгаруулж, "Мөнгөн мод" цом, мөнгөн шагналаар урамшуулах юм.
Дашрамд дурдахад, энэ жилийн ёслолын ажиллагаа нь дэлхийн театрын өдөртэй давхцаж буйгаараа соёл, урлагийн салбарынхны хувьд давхар баяр тохиож буй онцлог үйл явдал болж буй аж.