
Энэтхэгийн баруун Бенгал мужид нипах вирусийн таван тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлээд буй. Мөн Барасат хотын нэгэн хувийн эмнэлэгт өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байсан эрүүл мэндийн гурван ажилтан өвчилсөн байж болзошгүй гэж мэдээлж байна. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-наас мэдээлэл гаргажээ.
Тус вирус нь амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин аж. Уг халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед хавьтлын замаар хүнээс хүнд дамжих боломжтой юм.
Нипах вирусийн халдвар нь эмнэлзүйн хувьд шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит) үүсгэж, улмаар үхэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд нас баралтын түвшин 40–75 хувьтай байна. Одоогоор нипах вирусийн халдварын эсрэг вакцин, вирусийн эсрэг эмчилгээ байхгүй.
Нипах вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бүртгэгдэж байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын албан мэдээллээр Энэтхэгийн баруун Бенгал мужид 2001, 2007 онд, 2018 оноос хойш Керала мужид өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улс нь нипах вирусийн халдварын нутагшмал голомттой юм. Хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сард Энэтхэг Улсын Керала мужид дөрвөн хүн өвчилж, хоёр хүн нас баржээ.
Үүний зэрэгцээ Бангладеш Улсад нипах вирусийн халдвар 2001 оноос хойш жил бүр бүртгэгддэж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд Бангладеш улсад газарзүйн байршлын хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт халдвартай нь лабораториор батлагдсан дөрвөн иргэн нас баржээ.
ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр нипах вирусийн халдвар олон улсад тархах эрсдэл бага, дээрх улсын хувьд эрсдэл дунд зэрэг гэж үнэлсэн байна.
Одоогийн байдлаар нипах вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан мэдээлэл байхгүй байна. 2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд дотоодын халдвар хэлбэрээр бүртгэгдэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эрсдэлийг бууруулсан байна.