
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмын шорт-трекийн медалийн эзэд эхнээсээ тодорч эхэллээ. Шорт-трекийн тэмцээн багийн буухиа уралдаанаар эхэлсэн. 2000м зайд болсон холимог буухиа уралдаанд олимпыг зохион байгуулагч Италийн тэшүүрчид тэргүүлсэн болсон бол Канад, Белгийн баг мөнгө, хүрэл медаль хүртсэн.
Италийн багийн бүрэлдэхүүнд багтсан шорт-трекч, 35 настай Арианна Фонтана нэгэн өвөрмөц амжилтын эзэн боллоо. Тэрээр олимпын гурван алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт 12 медальтай болсноос гадна өвлийн олимпод зургаан удаа оролцохдоо медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болжээ.
Арианна Фонтана анх 2006 оны Турины олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байсан бол “Ванкувер-2010”-с хүрэл, “Сочи-2014”-с мөнгө, хүрэл, “Пёнчан 2018”-с алт, мөнгө, хүрэл, “Бээжин-2022” наадмаас алт, хоёр мөнгө медалийн эзэн болжээ. Тэрээр “Милан-Кортина 2026” наадмын эхний уралдаанд алтан медаль авснаар өвлийн зургаан олимпоос дараалан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин боллоо.
Милан хотод болж буй Олимпын наадмын шорт-трекийн тэмцээн энэ сарын 22-н хүртэл үргэлжлэн явагдана. Иймээс Арианна Фонтана үлдсэн уралдаанд медалийн тоогоо нэмэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзжээ.

