“Найрамдлын Эрдэнэс” зусланд амарч байсан хүүхдүүдээс хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн учраас үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо. Шуурхай комиссын хурлыг өнөөдөр яаралтай хийж, шийдвэр гаргалаа. Хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Захиргаа удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Зуслангийн удирдлага, эмч, багш нар, ЭҮТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штаб болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцжээ.

Зуслангийн тавдугаар ээлжинд амрахаар ирсэн 322 хүүхдээс одоогийн байдлаар 30 хүүхэд “Эрдэнэт сувилал” цогцолборт тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна. Мөн Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвд гурван хүүхэд, хоёр багшийг эмчийн зааврын дагуу эмчилж байна. Нийт 33 хүүхэд, хоёр багшийг тусгаарлаж, шинжилгээний хариу хүлээхээр болжээ. Харин ямар нэгэн зовиур шинж тэмдэггүй хүүхдүүдийг өнөөдөр эцэг, эхэд нь хүлээлгэн өглөө. Гэхдээ шинжилгээний хариу гартал тодорхой хэмжээний хяналтад байлгахаас гадна бүлгийн багш, эцэг, эхийг бүх талын мэдээлэл авч байхыг сануулжээ.

“Найрамдлын Эрдэнэс” зусланд долоодугаар сарын 12-д тавдугаар ээлжийн 322 амрагч хүүхэд иржээ. Наадмын дараах энэ ээлжинд 3х3 сагсан бөмбөгийн хөтөлбөрийг багтаасан байна. Харин амрагч хүүхдүүдээс толгой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн учраас долоодугаар сарын 14, 15, 16-ны өдрийн хоолны дээжийн сорьц, 50 ширхэг орчны эрүүл зүйн арчдасын дээжийг авчээ. Мөн шүүлтүүртэй болон ундны усны дээж, шинж тэмдэг илэрч эмнэлэгт хэвтсэн хүүхдүүд, гал тогооны ажиллагсдыг вирусийн шинжилгээнд хамруулаад байна. Иймээс өнөөдрөөс эхлэн “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагааг хааж ариутгалын ажлыг эхлүүлжээ.

Харин зусланд дараагийн амрагч хүүхэд авах эсэх асуудлыг шинжилгээний хариу гарсны дараа шийдвэрлэхээр болжээ.