
АНУ-ын Чикаго хотын "Cultural Cente"r-т зохион байгуулагдаж буй “Tangible Sound: Arrival to a Higher Ground” үзэсгэлэн жазз болон чөлөөт импровизацын хөгжмийг гэрэл зураг, кино, хөдөлгөөн, орон зайн дүрслэлтэй нэгтгэснээр зөвхөн сонсох бус биеэрээ мэдрэхүйд ойртуулахыг зорьжээ.
Үзэсгэлэнг гэрэл зурагчин Лорен Дойч, кино найруулагч Жонатан Вүүдс хамтран бүтээсэн бөгөөд Чикагогийн өвөрмөц импровизацын хөгжмийн соёлыг галерейн орон зайн мультимедиа бүтээл хэлбэрээр толилуулж байна. Төслийн гол санаа нь саксофон, виолончель, контрабас, тайко бөмбөр зэрэг хөгжмийн зэмсгийн дуу авиаг өнгө, гэрэл, хөдөлгөөн, дүрс болгон хувиргаж, үзэгчийг хөгжмийн дотор орж байгаа мэт мэдрэмж төрүүлэхэд оршино.
Үзэсгэлэн зөвхөн орчин үеийн технологид тулгуурласан визуал туршлагаар хязгаарлагдахгүй. Чикагогийн импровизацын хөгжмийн хэдэн арван жилийн түүх, түүний бүтээлч сэтгэлгээг төрүүлсэн уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлжээ. Ялангуяа Чикагогийн домогт хөгжимчин, хөгжмийн зохион байгуулагч Фред Андерсон болон хотын урлаг, нийгмийн амьдралд гүнзгий ул мөр үлдээсэн Тимьюэл Д. Блэк нарыг төслийн “өвөг дээдэс” хэмээн хүндэтгэн дурсжээ.
Ийнхүү гэрэл зураг, хөдөлгөөнт дүрс, хөгжим, тайзны үзүүлбэрийг нэг орон зайд нийлүүлснээр үзэсгэлэн нь жазз хөгжмийн түүхийг музейн үзмэр мэт хадгалахаас илүүтэйгээр түүний эрч хүч, импровизацын мөн чанарыг үзэгчдэд шууд мэдрүүлэхийг зорьсон байна.
“Tangible Sound” нь үзэсгэлэн төдийгүй амьд хөгжмийн тоглолт, уран бүтээлчдийн яриа, бүжиг болон олон нийтийн хамтын ажиллагааг хослуулсан өргөн хүрээний урлагийн төсөл юм.
Төслийн хөтөлбөрт Чикагогийн импровизацын хөгжмийн олон төлөөлөгч оролцож, Сон Ра, Луи Армстронг нарыг хүндэтгэсэн арга хэмжээ зохион байгуулсан бол есдүгээр сарын 11-нд “Velvet Live!” тоглолтыг үзэгч, сонсогчдод хүргэхээр төлөвлөжээ.