
Өмнөд Солонгосын Засгийн газар сэргээгдэх эрчим хүч, сансрын шинжлэх ухаан зэрэг долоон салбарт дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндсэн төслүүдээ танилцууллаа. Энэ нь эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүрүүдийг бий болгох өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг гэнэ.
Эдгээр төсөл нь Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны яам болон Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн яамны Чон Ва Дэ ордонд болсон бодлогын танилцуулгын үеэр зарласан “стратегийн шинэ технологийн салбаруудын инновацын хөдөлгүүр” (SEED) санаачилгын хүрээнд хэрэгжих аж.
БНСУ-ын Засгийн газрын мэдээлснээр SEED санаачилга нь сэргээгдэх эрчим хүч, тэргүүлэх технологи, дэвшилтэт нийлүүлэлтийн сүлжээний экосистем гэсэн гурван чиглэлд анхаарч, Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүрүүдийг бий болгох зорилготой.
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Засгийн газар усан хөргөлттэй бага оврын модульчлагдсан цөмийн реактор (SMR)-ыг 2035 он гэхэд арилжааны зориулалтаар ашиглалтад оруулахын зэрэгцээ ус ашигладаггүй SMR-уудын барилгын ажлыг 2030 оны орчимд эхлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, дэвшилтэт модульчлагдсан реакторын хувьд хувийн хэвшилтэй хамтран тусгай зориулалтын компани (SPC) байгуулж, технологи хөгжүүлэхээс эхлээд төслийн бүхий л үе шатыг хариуцуулах юм.
Мөн Өмнөд Солонгос хувийн хэвшилтэй хамтран 2035 он гэхэд дотооддоо зохион бүтээсэн цөмийн нэгдэх урвалын реактор байгуулах зорилт тавьжээ.
Цөмийн нэгдэх урвалын технологи нь нар болон оддын энергийг бий болгодог байгалийн үйл явцыг дуурайдаг учраас харьцангуй аюулгүй гэгддэг. Үүгээр зогсохгүй онолын хувьд хязгааргүй эрчим хүчний эх үүсвэр болох боломжтой технологи гэдэг.
Тэргүүлэх технологийн чиглэлд квантын тооцоолол, сансрын шинжлэх ухаан, дэвшилтэт биотехнологи голлон анхаарна гэдгийг яам мэдээлэв. Үүний хүрээнд Өмнөд Солонгос 2029 он гэхэд дотооддоо үйлдвэрлэсэн 100 кубитын квантын компьютер хөгжүүлэхийн зэрэгцээ квантын чип үйлдвэрлэх чадавхыг нэмэгдүүлж, ирэх 10 жилд дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг болох зорилт тавьжээ.
Сансрын шинжлэх ухааны салбарт Өмнөд Солонгос 2035 он гэхэд дэлхийн нам тойрог замын хиймэл дагуулын холбооны сүлжээг бүрэн хөгжүүлж дуусган, дэлхийн сансрын салбарын гол тоглогчдын нэг болохыг зорьж байна.
Биотехнологийн салбарт БНСУ 2030 он гэхэд хиймэл оюун ухаанд суурилсан биотехнологийн дэд бүтэц бий болгохоор төлөвлөжээ. Үүнд хорт хавдрын эсийн өөрчлөлтийг урьдчилан таамаглах зориулалттай хиймэл оюун ухааны загваруудыг хөгжүүлэх ажил багтана. Мөн тархи-компьютерийн интерфейс (BCI)-ийн үндсэн технологиудыг хөгжүүлж, 2035 он гэхэд уг технологид суурилсан арилжааны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан байна.
Төслийн хүрээнд дээрх технологиудыг хөгжүүлэхэд шаардлагатай чухал ашигт малтмал болон тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн сүлжээг бий болгох ажил мөн багтжээ.
Засгийн газар 2030 он гэхэд 10 төрлийн гол ашигт малтмалын дахин боловсруулалтын түвшнийг 20 хүртэл хувьд хүргэхээр төлөвлөж байгаа бол дараагийн таван жилд гол тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлтэд 10 их наяд вон буюу 7.1 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн аж.
“Бид ирээдүй хойч үедээ шинэ боломжуудыг сорьж үзэх боломж олгож, хэн ч өрсөлдөж үл чадах ‘орлуулшгүй Солонгос’-ыг бий болгоно” гэж Засгийн газар мэдэгдэлдээ дурджээ.