
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан "Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам"-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.
2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын харьяат "Монгол тууль" өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн Урианхай туульч Нацагийн Дамдиндорж шалгарлаа. Тэрээр "Монгол тууль", "Цуур хөгжмийн уламжлалт урлаг" өвийг ЮНEСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд идэвх, зүтгэлтэй оролцож байжээ.
Өвлөн уламжлагч Урианхай туульч Н.Дамдиндорж "Би алдарт туульч Заны Жилкэрийн найм дахь туульч. Анх 5-6 настайдаа тууль, магтаал сурсан. Хойч үедээ Алтайн магтаалыг өвлүүлэх үйлсэд олон жил ажиллалаа. Энэ жил үнэхээр сайхан байна. Ийм хүндтэй шагналыг сайдаас гардан аваад сэтгэл маш их баярлаж байна. Ховд нутгийн минь уул ус, ивээлийн хишиг их байдаг. Алтайн магтаал хайлахад үнэхээр сайхан. Магтаалыг битүүний өдөр хайлна. Мөн зуны эхэн сард бороо хур ховор үед магтаал хайлдаг. Алтайн магтаалаар алтан дэлхийгээ магтаж, савдагаа аргадна. Өнөөдөр ийм сайхан өвлөн уламжлагч хүндтэй шагнал авсандаа талархаж байна" гэлээ.

Н.Дамдиндорж нь урианхай түмний тууль, цуур, магтаал, хошин яриа зэрэг эх хэл, аман уламжлалтайг, язгуур урлагийн олон өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ төрийн тахилгат хайрхан, орон нутгийн овоо тахилгын ёслолд тууль хайлж, байгаль дэлхийгээ аргадах зан үйлийг язгуур хэв шинжээр түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч юм.
Н.Дамдиндорж нь Ховд аймгийн Дуут сумын харьяат. Тэрээр "Монгол тууль" өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн Урианхай туульч юм. Бага ангийн багшаар ажиллахын хажуугаар "Дуут нуур" язгуур урлагийн хамтлагийг байгуулж, тууль, цуур, товшуур хөгжмөөр сум, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцон хамтлаг болон ганцаарчилсан төрлөөр 300 гаруй медаль, шагнал хүртэж байжээ. Мөн хүүхэд, залуучуудад өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэхэд зориулж 750 гаруй шавь сурган бэлтгэжээ.