
Парламентын үйл ажиллагааг цахимжуулах, хууль тогтооход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд D-Parliament платформыг анх нээжээ. Улмаар УИХын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох эрх зүйн зохицуулалтыг тусгасан.
Ийнхүү 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн хэн ч нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар өргөдөл гаргах, шалгуур хангасан нөхцөлд парламентаар хэлэлцүүлэн шийдэл болгох боломж бүрдэв. Үүнд гурван “босго” бий. Хэрэв тухайн хөндсөн асуудлаа хууль болгон батлуулахыг хүсвэл 100 мянган хүний дэмжлэг хэрэгтэй. Байнгын хорооны түвшинд хяналт шалгалт явуулъя гэвэл 70 мянга, ажлын хэсэг байгуулж өгөөч гэвэл 33 мянган хүний санал цуглуулах учиртай. Улмаар жилд дунджаар 200 гаруй иргэн асуудал дэвшүүлж, ийм өргөдөл гаргадаг болжээ. Тэгвэл эдгээрээс бодит шийдвэр болсон нь хэд вэ. Мөн иргэдийн оролцоо, санаачилга, шийдэлд нөлөөлөх байдал үнэхээр бодит байж чадах уу.
Иргэний гаргасан аливаа өргөдөл бодит шийдэл болтлоо ямар зам туулахыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлд тусгасан. Мэдээж санаачилсан болгоноор гарын үсэг цуглуулахгүй. Тодорхой хуулийн шаардлага хангасан өргөдөлд л ийм боломжийг нээдэг. Мөн босгондоо хүрсэн бол УИХ-ын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын таван өдрийн дотор хуваарилах учиртай. Тухайн Байнгын хороо үүнийг долоо хоногийн дотор хэлэлцээд гурван сард багтаан санал, дүгнэлтээ гаргаж, нэгдсэн чуулганд танилцуулна. Мөн холбогдох баримт бичиг, хууль, тогтоолын төсөл боловсруулах талаар Засгийн газарт чиглэл өгнө. Гэхдээ завсарлагын үе таарвал чуулган эхлэхийг хүлээх юм билээ. Зөвхөн Байнгын хорооны мэдэж шийдэх хэмжээнд өргөдөл гаргасан бол өөрсдөө хянах, олон нийтийн хэлэлцүүлэг, хяналтын сонсгол зохион байгуулах ч эрхтэй.
Сонирхолтой нь, дээрх платформыг анхлан ашиглаж, өргөдөл гаргасан хүн нь тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар байв. Тэрээр НӨАТ-ын буцаан олгох хувийг хоёр биш, тав болгоё гэсэн санаачилгаар 2023 оны аравдугаар сарын 17-нд “туршилтын” өргөдөл гаргасан аж. Энэ нь зургаан өдрийн дотор 105 мянган иргэний дэмжлэгийг хүртсэн. Ингээд хуулийн дагуу шат дамжлагаар явсан ч татвар бууруулах саналыг нь дэмжээгүй юм. Хоёр жилийн дараа Г.Занданшатар Ерөнхий сайд болохдоо Татварын багц хуулийн төсөлд эл санаачилгаа оруулж өргөн барьсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад мөн л дэмжлэг аваагүй.
Үүнээс хойш нийт 16 өргөдөл хуульд заасан гарын үсэг цуглуулжээ. Эдгээрийн 95 хувь нь татвар, хураамж бууруулах, цалин, тэтгэмжийг нэмэх агуулгатай. Татварын дарамт иргэд, аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж буй учраас аргагүй. Тиймээс ч энэ төрлийн санаачилгыг иргэд чадлаараа дэмждэг аж. Тухайлбал, УИХ-ын даргынх нь гаргасан санаачилга бүдэрсэн атал “гандан бууралгүй”, НӨАТ-ын буцаалтыг найман хувь болгоё гэдэг өргөдөл гаргажээ. Уг асуудлаар ажлын хэсэг байгуулах өргөдлийг 33 мянга гаруй хүн дэмжсэн байна. Мөн Х.Нямбаатар хотын дарга болсныхоо дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс автомашины албан татварыг гурав, хотын авто зам ашигласны татварыг тав дахин нэмсэн. Гэвч зам нь сайжраагүй, уг орлогыг юунд зарцуулснаа ч тайлагналгүй явсаар чөлөөлөгдсөн. Хотын одоогийн дарга Б.Пүрэвдагва эл татварыг цуцлах шинжгүй. Тэгвэл эдгээрийг цуцлах тухай хоёр ч тусдаа өргөдөл гаргасан нь иргэдийн дэмжлэгийг авчээ. Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувь бууруулах өргөдлийг ч хүмүүс дэмжсэн байх юм. Харамсалтай нь, ямар ч Засгийн газар татвар бууруулж, орлогоо алдахыг хүсдэггүй. УИХ ч энэ төрлийн санаачилгыг бараг дэмждэггүй, хойрго ханддаг. Тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласны татварыг бууруулах, НӨАТ-ын буцаан олголтыг найман хувь болгох зэрэг асуудлыг Байнгын хороо, Сангийн яам дэмжилгүй унагасан байна.
Тэгвэл дээрх өргөдөл дундаас ажил хэрэг болсон ганцхан л асуудал бий. Хуульч О.Батхүүгийн 2025 оны наймдугаар сард санаачилсан Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл 100 мянга давсан хүний дэмжлэг авсан юм. Уг асуудлыг хэлэлцэх ажлын хэсгийн ирц бүрдэхгүй, эсвэл “тоосонд даруулах” зэргээр удсан ч эцэст нь Татварын багц хуулийн төсөлд “хагаслан” тусгаж баталжээ. Уг нь эл татварыг нэг мөсөн хүчингүй болгох тухай өргөдөлд дурдсан. Гэвч хуульд зөвхөн иргэний анх удаа өмчилж, өөрөө амьдарч байсан орон сууцыг борлуулахад л уг татварыг авахгүй байхаар зохицуулжээ. Түүнчлэн энэ заалт нь ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжинэ.
Эл асуудлыг хөндөх үед олон байртай, энэ төрлийн бизнес хийдэг хүмүүс хожих нь гэсэн хардлага бас гарсан. Тиймээс Засгийн газар үүгээр далимдуулан дээрх заалтыг оруулж батлуулсан байх нь. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар саналаа гаргаж, өөрчлөх, нөлөөлөх оролдлого хийх боломж бүрдүүлснээс хойш гарсан цорын ганц үр дүн нь ийм.
Иргэд зөвхөн татвар, шимтгэлийн талаар хөнддөггүй. Хандив, тусламж хэмээх хавтгайрсан нэг асуудал манай улсад бий. Өвдсөн, зовсон нэгний өмнөөс хандив цуглуулж, тэндээсээ хувь авах, эсвэл бүр нэрийг нь барин луйвардах гэмт хэрэг ч гардаг. Тиймээс эл асуудлыг бие даасан хууль болгох өргөдлийг иргэн Ч.Чулуунцэцэг сарын өмнө санаачилсан ч ердөө есхөн хүн гарын үсэг зурсан байх юм. Нийгмийн сүлжээнд хүний эрхэд халдсан худал мэдээлэл, гүтгэлэг тараасан асуудлаар хохирогчийг цагаатгасан бол хуулийн байгууллага энэ талаар олон нийтэд ил мэдээлдэг болгох гэсэн өргөдлийг ч таван хүн л дэмжжээ. Эдгээр асуудлыг нийгмийн сүлжээгээр их шүүдэг ч ажил болгоход оролцоо нь ийм байна. Мөн СУИС-ийн Соёл, иргэншлийн сургуулийн нэг ангийн хэсэг залуугийн үйлдсэн бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэгдэж буй Ц.Шинэцэцэг энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг цуцлах тухай өргөдөл гаргасан. Үүнийг 20 гаруй мянган хүн дэмжсэн ч хугацаа нь дуусчээ.
Жилд 200 гаруй иргэн нийтийн өргөдөл гаргадаг гэхээр уг систем ажиллаж эхэлснээс хойш 700 орчим хүн асуудал хөндсөн гэсэн үг. Гэвч эдгээрээс ердөө 16 нь л УИХ-аар авч хэлэлцэх болзлыг хангажээ. Үүний ес нь 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан байгаа юм.
Томоохон шийдэл гаргуулъя гэвэл хуульд өөрчлөлт оруулах, шинийг батлуулах хэрэгтэй. Гэтэл 100 мянган хүний санал гэдэг нь хүн амын 2.8 хувьтай тэнцэнэ. Ямар үндэслэл, тооцооллоор ийм босго тогтоосон нь ч маргаантай. Хүн амынхаа тоонд харьцуулж, судлахын оронд манай хууль тогтоогчид 70 орчим сая хүн амтай Их Британийн бэлэн жишээг “туучихжээ”. Тиймээс л гаргасан өргөдөл нь эл шалгуурт бараг хүрдэггүй, хүрсэн ч УИХ нь ажил хэрэг болгодоггүй байна. Иргэдийн санаачилгыг хуульд тусгаж, шийдэл болгохгүй юм бол энэ бүх үйл явц ердөө бэлгэдлийн төдий гэсэн үг. Иргэдээ сонсож, нээлттэй байгаа нэртэй боловч бодит байдалд парламент ч, Засгийн газар ч шийдвэр гаргах эрх мэдлээ хуваалцахыг хүсэхгүй байна.
С.Туул