Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, “Увс аймаг баруун бүс-2025” наадмын сурын харвааны дүн гарлаа. 

Үндэсний сурын харваанд улс, аймгийн мэргэн, залуу харваач нийлсэн нийт 350 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.  

Эрэгтэй харваачдаас таван харваач 40 сумнаас 37 онож товч харвасан. Завхан аймгийн Улиастай сумын харьяат залуу харваач Г.Ганхүлэг түрүүлж, аймгийн мэргэн цол хүртлээ. 2024 оны үндэсний их баяр наадмын түрүү, Монгол Улсын мэргэн Н.Алтансүх хоёрдугаар байрт орлоо. Завхан аймгийн харьяат, аймгийн гарамгай мэргэн Б.Ганзориг гуравт, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Л.Гончиг дөрөвт, Ховд аймгийн Дуут сумын уугуул, аймгийн мэргэн М.Галбадрах тавдугаар байрт орлоо.

Эмэгтэй харваачдаас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Э.Эрдэнэгэрэл 37 онож, баруун бүсийн наадмын тэргүүн харваачаар тодорлоо. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, аймгийн гоц харваач Х.Алтансувд 36 оноогоор хоёрдугаар байрт, Увс аймгийн Наранбулаг сумын уугуул, Говьсүмбэр аймгийн харьяат, аймгийн мэргэн Ж.Норжмаа гуравт, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Завхан аймгийн харьяат Б.Аззаяа дөрөвт, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат аймгийн гарамгай мэргэн Н.Базаррагчаа 35 онож тавдугаар байрт шалгарлаа.

Баруун бүсийн наадмын сурын харвааны насанд хүрэгчид болон хүүхдийн харваанд нийт 500 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорилоо.