“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 679 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох сэдвийг танилцуулъя.
НЭГ. “Хулгайлагдсан” зуны эрэлд
Манайх хэдийгээр эх газрын эрс тэс, тогтворгүй цаг агаартай ч сүүлийн жилүүдэд энэхүү хэлбэлзлийн далайц улам бүр томорч, урьдчилан тааварлахад бэрх болж буй нь анхаарал татна. Урьдчилсан төлөвөөс харахад, зургаадугаар сарын эхний арав хоногийн сэрүүн өдрүүд сарын дунд үеэс аагим халуунаар солигдоно. Судалгаанаас үзэхэд, урт хугацааны хүйтэн өдрүүдийн дараа огцом халах нь агаар мандал дахь энергийн хуримтлалыг ихэсгэн улмаар үер ус, мөндөр, нөөлөг салхины аюул дагуулдаг гэмтэй. Өөрөөр хэлбэл, “хулгайлагдсан зун” эргэж ирэхдээ илүү догшин, байгалийн гэнэтийн үзэгдлээр дүүрэн байх магадлал өндөр аж. Зун цаг ийнхүү зөөлөн аясаа гээж, илүү экстрим шинж рүү шилжиж буй нь Монгол орны хөдөө аж ахуй, дэд бүтэц, иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлөх урхагтай юм.
С.Лхагвасүрэн “Хулгайлагдсан зуны эрэлд” нийтлэлээс
ХОЁР. Томоос ихийг үү, бүгдээс ижлийг үү?
Өнгөрсөн сарын дундуур Эдийн засгийн байнгын хороо болон УИХаар татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр аж ахуйн нэгж, иргэдийн татварын дарамт буурах нь гэх итгэл улам нэмэгдсэн. Гэхдээ татварын багц хуулийн шинэчлэлт гэж хөөрөгдөж байгаа ч үнэндээ нэмэлт, өөрчлөлт хийгдэж буй. Маргаан, шүүмжлэл дагуулсан олон асуудлын нэг нь татварыг хувьчилж авах уу, шаталж авах уу гэдэг. Томоос нь ихийг авна гэсэн үзэл МАН-ынхнаас гарч буй бол хувьчилж, тэгшигтгэн авья гэсэн илүү ардчилсан санал АН-ынхан дэвшүүлсэн. Хоёулаа л олон улсад хэрэглэгддэг зарчим, гэхдээ тогтоох үндэслэл, шалтгаан, нөхцөл нь харин тэс өөр.
Л.Эрдэнэжаргал “Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй” нийтлэлээс
ГУРАВ. Тэнэж яваа гэж бодоод ...
126 гишүүнтэй парламент байгуулагдаад тус бүр хоёр удаа намар, хаврын чуулган хийгээд буй. Хоёр жилийн хугацаанд ажлаа хамгийн их тасалсан нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр. Хэсэг хугацааны дараа улс төрд албан ёсоор эргэн ирж, УИХ-ын гишүүн болсон Х.Баттулга 32 удаа хуралдсан эхний намрын чуулганы 17-д нь тасалж, гурван удаа чөлөө хүсэж, хоёр өдөр өвдөж, гадагшаа нэг явжээ. Түүний оролцооны ирц ердөө 21 хувь байгаагаас харвал УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа огт хийгээгүй гэж дүгнэж болно. Үүнээс цочирдмоор үзүүлэлттэй бас нэг хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэрээр мега төсөл ярьж, гүйцэтгэх засаглалын ажилдаа анхаараад УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй гэдгээ ер тоосонгүй. Дээрх чуулганаас тэрээр 18 удаа чөлөө авч, гадагшаа долоон удаа явжээ. Засгийн газрын тэргүүний хувиар гадаад айлчлал хийхийг ойлгож болно. Гэхдээ бүтэн чуулганы турш ердөө долоон удаа л оролцсон гэдэг нь хэтэрхий хангалтгүй.
С.Туул “УИХ-ын ирц сайжирсан уу” нийтлэлээс
ДӨРӨВ.Хайгуул, лиценз, хариуцлага, стандарт...
Хайгуул, ашиглалт, гадаад, дотоодын гээд үйл ажиллагааны чиглэл, хөрөнгө оруулалтаас үл хамаарч уул уурхайн компаниудын толгойны өвчин нь орон нутгийн эсэргүүцэл байдаг. Тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагааг эхлэх гэхээр сум, аймгийн иргэдээс эхлээд төрийн байгууллагын удирдлагууд нь эс үйлдэхүй гаргаж, эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулах нь түгээмэл. Ашигтмалтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох”, “Геологи, хайгуул, уул уурхайн олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаанд хууль бусаар халдах, тоног төхөөрөмжийг эвдэх, тээвэрлэлт, үйлдвэрлэлийг санаатайгаар тасалдуулах, уурхайн гарцыг хаах, цахилгаан, усан хангамжийг зориудаар таслахыг хориглох” заалт оруулжээ. Хэрвээ эдгээр заалтыг зөрчиж их хэмжээний хохирол учруулсан бол иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгохоор Зөрчлийн хуульд ч өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг дагалдуулж боловсруулсан байна.
Орон нутгийн хариуцлага үүгээр дуусахгүй. Нэгэнт хайгуул, олборлолт эхэлсэн бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хяналтыг орон нутаг тавих үүрэгтэй.
М.Мөнхжаргал “Хариуцлагатай “хайгуул-ыг эрчимжүүлье” нийтлэлээс
ТАВ.Монголдоо сайхан аялъя
Сүүлийн нэг жилийн хугацаанд дотоодын жуулчид нийт 2.6 их наяд төгрөгийг аялалд зарцуулжээ. Дотоодын аялагчдын 47.5 мянга нь тур операторын үйлчилгээ авч, 27.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь мөн л том хийгээд шинэ тоо. Задалж харвал, нэг жуулчин дунджаар 586 мянган төгрөгийг тур операторын зардалд зарцуулжээ. “Дотоодын жуулчдын түүвэр судалгаа”-нд өгүүлснээр, улсын хэмжээнд нэг аяллын дундаж зардал 1.1 сая төгрөг байна. Задалж харвал, иргэдийн орлогоос хамаараад зарцуулах мөнгөн дүн нь харилцан адилгүй байгаа юм.
Дотоодын аялал жуулчлалын салбарт эргэлдэх мөнгөн дүн нэмэгдсэн нь аялагчдын тоо өссөнтэй мөн холбоотой. Сүүлийн нэг жилийн хугацаанд гэхэд нийт хүн амын 48.7 хувь нь буюу 1.7 сая иргэн Монгол орноороо аялжээ. Энэ тоо давхардсан байдлаар 3.2 саяыг давжээ. Иргэд эх орондоо ихэвчлэн гэр бүл, найз нөхдөөрөө аялдаг.
О.Даваасүрэн “Дотоодын аялагчдыг тойглох хэрэгцээ” нийтлэлээс
ЗУРГАА.Махчин ургамал тэжээгдэг гэнэ үү
Харин сүүлийн үед ургамал сонирхогчдын анхаарлыг ердийн ногоон навчит ургамлаас илүү этгээд төрх, өвөрмөц ургамлууд татах болжээ. Тэдгээрийн дундаас хамгийн содон нь шавжаар хооллодог махчин ургамлууд юм. Ургамал гэхээр нарны гэрэл, ус, хөрснөөс шим тэжээлээ авдаг гэж бид төсөөлдөг. Гэвч байгаль дээр энэ дүрмийг эвдсэн олон төрлийн ургамлууд бий. Дэлхийн зарим бүс нутгийн шим тэжээл багатай намаг, хүчиллэг хөрс, элсэрхэг газарт амьдрахын тулд ургамлууд өөр өөр цаг үед, дасан зохицож хувьсан өөрчлөгдсөн байдаг. Гэвч эдгээр амьд ангуучдыг гэртээ авчраад ургуулах нь хүн болгоны хийж чаддаг зүйл биш аж. Учир нь тэднийг ургуулахад нэлээд хөдөлмөр, тусгай арчилгаа шаарддаг байна.
И.Сарангоо “Цонхон дээрх ангуучид” нийтлэлээс
ДОЛОО. Далайн гүн дэх “дэд бүтэц”
алайн гүний кабель хэр эмзэг болохыг харуулсан үйл явдал Номхон далайн жижиг арал Тонга улсад 2022 онд тохиолдсон. Хунга-Тонга галт уул дэлбэрч, газар хөдлөхөд далайн ёроолд үүссэн хөрсний нуралт, чулуулаг урсгал Тонга арлыг дэлхийтэй холбодог цорын ганц олон улсын кабелийг тасалж орхив. Тонга арал хэдэн өдрийн турш гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, “дижитал харанхуй” нөмөрсний үр дагавар нь зөвхөн сошиал медиа хаагдахаар хязгаарлагдсангүй, нийгмийг тэр чигт нь сандаргасан билээ. Тухайлбал, АТМууд ажиллахаа больж, банк дансны үлдэгдэл шалгаж чадахгүй болсноор бэлэн мөнгөний хомсдол үүсэв. Цаашлаад интернэтэд холбогдож байж системээ ажиллуулдаг тохиргоо бүхий нарны зайн хураагууртай айл өрхүүд эрчим хүчний хязгаарлалтад өртсөн. Тонгагийн олон улсын кабелийг засахад 5 долоо хоног зарцуулсан бол дотоод арлуудыг холбосон сүлжээг бүрэн сэргээхэд бүтэн 18 сар шаардагдсан юм.
С.Лхагвасүрэн “Далайн гүний нууц дайн” нийтлэлээс
