
Мексикийн хар тамхины бүлэглэлийн толгойлогч гэх 40 настай Артуро Каррера Лоаизаг өнгөрсөн сард Нигериэс гарах гэж байх үед нь баривчилсан талаар тус улсын хар тамхитай тэмцэх байгууллага саяхан мэдээлжээ.
Түүнийг баривчилсны дараа үйлдвэрийн хэмжээний метамфетамин үйлдвэрлэх зориулалттай байж болзошгүй лаборатори илэрсэн байна. Энэ нь дөрвөн сарын хугацаанд Мексикийн иргэдтэй холбоотой гэж үзэж буй гурав дахь лаборатори болжээ.
Зургуудын байршлын мэдээлэл албаныхныг Эбони муж дахь нэгэн үл хөдлөх хөрөнгө рүү хөтөлсөн бөгөөд тэнд химийн бодис болон мансууруулах бодис үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмж олдсон гэж мэдэгджээ.
Лоайза метамфетамин үйлдвэрлэхэд оролцсон гэдгээ үгүйсгэж, Нигерийн нэгэн танил нь түүнийг ресторан ажиллуулах бизнесийн төсөлд оролцуулахаар тус улсад урьсан гэж мэдүүлсэн байна. Энэ талаар Нигерийн Хар тамхитай тэмцэх үндэсний агентлаг (NDLEA) мэдэгдэлдээ дурджээ.
Тус агентлагийн мөрдөн байцаагчид Эбони муж дахь сэжигтэй лабораториос хяналтын камерын бичлэг хадгалсан санах ойн карт олсон байна. Бичлэгт Лоайзатай төстэй хүн цэнхэр лабораторийн халад өмсөн, тухайн байгууламжид байсан нь харагджээ. Мөн химийн бодис болон тоног төхөөрөмжийг талбайгаас зөөж байх үед хүмүүсийг удирдан чиглүүлж буй Нигер эрэгтэйг тодорхойлсон байна.
NDLEA-ийн дарга генерал Мохамед Буба Марвагийн мэдээлснээр, цаашдын тагнуулын мэдээлэлд үндэслэн албаныхан хөрш зэргэлдээх сууринд байрлах тусгаарлагдсан байшинд нэгжлэг хийж, химийн бодис, хатаагч, конденсатор, урвалын сав, жин, холигч, торх, хийн түлшээр ажилладаг шатаагч болон метамфетамины ул мөр бүхий шигшүүр зэргийг хураан авчээ.
Сэжигтэй лаборатори хэр хэмжээний метамфетамин үйлдвэрлэх хүчин чадалтай байсан талаарх тооцоог одоогоор гаргаагүй байна.
Мөрдөн байцаагчид Лоайза өөр нэг мексик иргэнийг элсүүлж, Оёо мужийн ойд нууцаар байгуулсан байж болзошгүй өөр нэг метамфетамины лабораторид ажиллуулахаар авчирсан гэж үзэж байна. Тус лабораторийг зургадугаар сард илрүүлэн нэгжлэг хийж, дөрвөн нигер иргэнийг мөн баривчилжээ.
Үүнээс нэг сарын өмнө NDLEA-ийн ажилтнууд үйлдвэрийн хэмжээний метамфетамин үйлдвэрлэх лаборатори хэмээн тодорхойлсон, тус улсын өөр нэг хэсгийн ойд нуугдсан байгууламжаас Мексикийн гурван иргэн болон Нигерийн долоон иргэнийг баривчилжээ.
Марвагийн хэлснээр, эдгээр ажиллагаа нь олон улсын гэмт хэргийн бүлэглэлүүд Нигерийн ой болон хөдөө орон нутагт мансууруулах бодис үйлдвэрлэх байгууламж байгуулахыг оролдож байгааг харуулж байна.
“Нигери улс лабораториудаа бусад улс орнуудаас манай ой болон хөдөө орон нутаг руу нүүлгэн шилжүүлэхийг эрмэлзэж буй үндэстэн дамнасан хар тамхины бүлэглэлүүдийн хоргодох газар болохыг зөвшөөрөхгүй” гэж тэр хэлжээ.
NDLEA-ийн мэдээлснээр, тус сүлжээтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үүнд Нигери дэх үйл ажиллагааг санхүүжүүлсэн эсвэл хэрэгжүүлэхэд нь тусалсан байж болзошгүй хүмүүсийг мөн шалгаж байна.
Кокаин, героин зэрэг ургамлаас гаралтай мансууруулах бодисыг тодорхой газар тариалж, боловсруулдаг бол метамфетамин зэрэг нийлэг мансууруулах бодисыг шаардлагатай химийн бодис болон мэргэжлийн мэдлэгтэй тохиолдолд хаана ч үйлдвэрлэх боломжтой. Энэ нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдэд үйлдвэрлэлээ богино хугацаанд нэмэгдүүлэх боломж олгодог.
Баруун Африк нь Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийн хувьд олон давуу талтай бөгөөд үүний нэг нь хүн амын нүднээс далд үйлдвэрлэлийн байгууламж байгуулахад тохиромжтой өргөн уудам ой мод бүхий газар нутаг юм.