
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.8 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.6 хувь буюу 3.3 их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 17.3 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувь буюу 1.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 19.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Татварын орлого оны эхний 7 сард 16 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувь буюу 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд нийгмийн даатгалын орлого 15.8 хувь буюу 479 тэрбум, НӨАТ 12.1 хувь буюу 400.9 тэрбум, орлогын албан татварын орлого 9.8 хувь буюу 444.5 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 16.2 хувь буюу 102.8 тэрбум төгрөгөөр багассан байна.

Энэ оны эхний 7 сард татварын нийт орлогын 31.2 хувийг орлогын, 23.3 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22 хувийг нийгмийн даатгалын, 7 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.3 хувийг онцгой албан татварын орлого, 13.2 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлэв. Орлогын албан татварын 63.8 хувийг ААНОАТ, 36.2 хувийг ХХОАТ-ын орлого эзэлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 19.5 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.5 хувь буюу 2.6 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.3 хувь буюу 1.1 их наяд, хөрөнгийн зардал 31.8 хувь буюу 858.8 тэрбум, урсгал шилжүүлэг 8 хувь буюу 551 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.Оны эхний 7 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 38.5, бараа үйлчилгээний зардал 35.2, хөрөнгийн зардал 18.4, хүүгийн зардал 4.9, татаас 3.1 хувийг эзэлж байлаа.