
БНСУ Ормузын хоолойд усан замын чөлөөтэй зорчих эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цэргийн техник, хүч хэрэгсэл байрлуулахаар бэлтгэж, энэ оны эцсээс өмнө илгээхээр төлөвлөж байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Засгийн газар болон цэргийн эх сурвалжаас иш татсан БНСУ-ын хэд хэдэн хэвлэлийн мэдээлснээр, Засгийн газар уг ажиллагаанд парламентын зөвшөөрөл авах журмыг бэлтгэжээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа энэ сард багтаан парламентэд зөвшөөрөл хүссэн тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Засгийн газар тэнгисийн эргүүлийн нисэх онгоц, ложистикийн дэмжлэгийн хөлөг онгоц эсвэл тэнгисийн мина илрүүлэх, цэвэрлэх нэгж илгээх зэрэг хувилбарыг авч үзэж байгаа гэв. Мөн АНУ, Их Британи, Франц зэрэг оронтой боломжит оролцооны цар хүрээ, хэлбэрийн талаар хэлэлцэж байгаа гэж мэдээлсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Цэнхэр ордон мэдэгдэхдээ, Сөүл Ормузын хоолойд усан замын чөлөөтэй зорчих эрхийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулах арга замуудын талаар хэлэлцэж байгаа ч Засгийн газар цэргийн хүч илгээх шийдвэрээ эцэслэн гаргасан гэх мэдээлэл нь “бодит байдалтай нийцэхгүй” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн наймдугаар сард олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, БНСУ Ираны эсрэг дайнд АНУ-д туслахаас татгалзсан нь АНУ–БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг багасгах шалтгаануудын нэг болсон гэж мэдэгдсэн.