
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрынханд хандан "Би нэг асуулт асуусан. Хариулт нь өнгөрсөн жилийнхтэй яг адилхан байна. Та нарын ажлын үр дүн гараагүй. Хариуцлага тооцох механизм та нарт ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл, та нар хариуцлага тооцдоггүй, тооцож чадахгүй байгаа. Яагаад гэвэл, улс төрийн нөлөөлөл өндөртэй хүмүүсийн томилгооноос улбаатай. Үүнийгээ одоо үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Бие биенээ хуурч ажилладгаа болих хэрэгтэй.
Өнгөрсөн жил орж ирээд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар ингэж ажиллаж байгаа, ийм шийдвэрүүд гарч байгаа гэж зарлаад байсан. Сая танай дарга Н.Учрал Ерөнхий сайд ингээд зарлачихсан болохоор үүнийг хийнэ гээд гүйж явна лээ. Танай байгууллага төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг гэж ойлгодог. Хэн нэгэн Ерөнхий сайдын хэлсэн үг бүрийг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгодоггүй. Өнгөрсөн жил танай байгууллага дээр шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ жил баталгаажлаа. Маш харамсалтай.
Анх Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулахдаа өөрөөр харж МХЕГ татан буулгаж танайхыг бий болгосон. Яагаад өнөөдөр Монголд хариуцлагагүйн зуд нүүрлэсэн гэхээр та нарын байж байгаа байдалтай холбоотой. Та нар төрөөс өгсөн чиг үүргийг хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Тийм учраас яагаад хэрэгжүүлж чадахгүй байгаа талаар л асуусан. Төрийн өмчит компаниуд дээр маш олон асуудал бий. Огт шийдвэрлэгдэхгүй байна. Хуульдаа "Сонгон шалгаруулж томилно" гээд заачихсан мөртлөө нэг ч сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж байгаа төрийн өмчит компаниуд байсаар байна. Тийм учраас тэнд эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргүүд үйлдэгдсээр байгаа.
Төрийн бичиг баримт, архивтай холбоотой асуудал байна. Орчны бохирдол бууруулах үндэсний хороон дээр бичиг баримт алга болсон байна гээд Б.Энхбаяр сайд мэдэгдэж байсан. Би гайхсан. Араас нь бичиг явуулсан. Би өөрөө ч олж чадаагүй" гэв.