
Монголчууд Д.Нацагдоржоо орчин үеийн уран зохиолчийг үндэслэгч, сэхээтэн, жинхэнэ сод туурвилч гэхчлэн магтдаг.
Үүн дотроос орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг нь нэг талаар өрөөсгөл ойлголт. Түүний амьдарч асан цаг үед бичгийн их хүмүүс цөөнгүй байсан бөгөөд тэрээр заримтай нь ойр дотно шадарлаж явсан нь ч бий. Тиймээс үндэслэгчдийн нэг гэвэл илүү ононо.
Харин тухайн цаг үеийн хамгийн сод төлөөлөгч байсан нь үнэн бөгөөд түүний бүтээлүүдийн сайн, муугийн ялгаа, утга агуулга, далд бэлгэдлийг эртнээс эдүгээ хүртэл олон судлаач, шүүмжлэгч нар судалж ирсэн. Зөвхөн Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээр дагнасан эрдэмтэд ч манайд цөөнгүй бий. Ерөөс Монголд эх бичгийн судалгаа хийх шаардлагатай хоёр зохиолч байдгийн нэг нь Д.Нацагдорж, нөгөө нь Р.Чойном юм. Бусад нь өөрсдийн амьд ахуй цагтаа уран бүтээл, номуудаа боть ботиор нь хэвлүүлж амжжээ.
Амьдралынх нь төгсгөл гундуухан зурагтай энэ сэхээтний намтрын талаар хүмүүс андахгүй. Багаасаа багш хэмээгдэгч Алтангэрэлд шавь орж дорнын сонгодог зохиолуудтай танилцсан тэрээр 12 настайдаа Цэргийн яамны туслах бичээч хийж, 21 насандаа Ленинградын цэргийн түр сургуульд, дараа нь Герман улсад хэлний бэлтгэлд гурван жил шахам суралцсан байдаг. Харин Европыг зорихоосоо өмнө Японд суралцуулах өргөдөл бичиж байсан нь хожим хилс хэргээр гянданд суух шалтгааны үндэс болжээ. Эцэст нь Д.Нацагдоржид хувьсгалын эсэргүү, барууны соёлыг сайшаагч, японы тагнуул зэрэг тухайн цаг үеийн нийтээр жигшдэг тодорхойлолтыг зүүж өгөөд гудамжинд гаргачихав. Тэр ердөө 31 наслахдаа төрийн хар хүн, зохиолч, эрдэмтэн гэх гурван морь хөлөглөсөн нэгэн байв. Цагийн эрхээр аливаа юмс бүдгэрдэг жамтай. Энэхүү үл үзэгдэх мөнхийн зүүний эргэлтэд элэгдэлгүй өнөө цагт үлдэж, ирээдүйд ч үл мартагдах нь Д.Нацагдоржийн уран бүтээл юм.
Бид түүнийг уран бүтээлээр нь мэддэг, таньдаг. Түүнээс эл эрхмийн туулсан бүхэн, хань ижил, нийгэм цаг үеийн ширүүн галд хувь тавилангаа түймэрдүүлсэн нь өдгөө чухал бус. Харин “Миний нутаг”, “Миний хэнз хурга” шүлгүүд, “Хуучин хүү”, “Ламбугайн нулимс”, “Харанхуй хад” тэргүүт хүүрнэл зохиол, “Учиртай гурван толгой” жүжиг зэрэг бүтээлийн өвийнх нь талаар ямагт ярилцаж, судалж, уншиж байх учиртай санж.
Гэтэл орчин үеийн уран зохиолын тулгын чулууг өрөлцсөн эл эрхмийн бүтээлийн талаар монголчууд хэр сайн мэдэх вэ? Үндсэндээ номын дэлгүүр лүү ороод Д.Нацагдоржийн бүтээлүүд байна уу гэвэл сонирхогч, судлаачдын уран бүтээлийг нь шинжилсэн тоотой хэдхэн ном л бий. Үгүй аваас антолог, яруу найргийн эмхэтгэлээс л ёс болгож оруулсан хэдэн бүтээлийг нь харна. Чухамдаа түүний бүтээлийн бүрэн судалгааг хийж гүйцэтгэсэн эрдэмтэн Д.Цэдэв агсны “Д.Нацагдоржийн Бүрэн зохиол” хэмээх хоёр ботийг хэдэн номын сангуудад хуваарилаад дууссан. Түүнээс бусдаар монголчууд Д.Нацагдоржоо хайрлаж, хүндэтгэж, түүний ном бүтээлийг хэрэглээнд оруулсан нь үгүй. Зүгээр л хий хоосноор тахин шүтэж, улам бүдгэрүүлсээр байгаа нь үнэн. Тиймдээ ч хаа нэг антолог сөхөхөд л үзэгдэх болсон эл сэхээтнийг “тэнүүлч” маягаар амьдруулж байна гэхэд хилсдэх зүйлгүй.
Учир нь түүний хийсэн бүтээл, бичиж үлдээсэн болгон нь бидэнд эрхэм. Эдгээрийг монголчууд хайхарсангүй. Зүгээр л хайхарч байгаа мэт дүр үзүүлсэн. Угтаа Д.Нацагдорж ямар хүн байсан хийгээд хаана төрсөн нь өдгөө цагт бол намтар судлалынхаа салбарт л хамаатай. Харин эсрэгээрээ түүнийг бүтээлийг төрөл бүрээр нь хэвлүүлж, уншигчдад хүргэх, танин мэдүүлэх хэрэгцээ бол зайлшгүй шаардагдах нь зүй.
Улс орон болгон өөрсдийн сэхээтнүүд болоод алдартай зохиолч, яруу найрагчдын музейг үргэлж тордож, байнгын үйл ажиллагаатай байлгадаг. Жуулчдыг тэд зөвхөн газар нутгийнхаа онцлог, хүмүүсийн аж төрөхүйн өвөрмөц зан заншлаар урин дууддаггүй. Тэдэнд сэхээтнүүд, нийгмийнх нь давхаргыг тодорхойлогч оюун санааны эцэг байсныг мартаагүй хэрэг. Тиймдээ ч суут хүмүүсийнхээ гэр музейг байгуулж, гap бичмэл, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг нь нандигнан хадгалсаар иржээ.
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан гэр музейг анх 1966 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгуулж, хожим 1982 онд шинэчлэн тохижуулав.
Харин түүнээс хойш монголчууд сурах бичиг дээрээс анхлан танилцаж, уран бүтээлийнх нь шимийг хүртэж, харанхуй бүдүүлэг цаг үед соён гэгээрлийн үрийг тарьсан эрхэм зохиолчийнхоо гэр музейг шоуны газар болгож хувиргасан. Өдгөө Д.Нацагдоржийн гэр музей хаачив гэх асуулт нээлттэй хэвээр байгаа.
2001 онд тус музейн үзмэрийг МЗЭХ-нд шилжүүлж, барилгыг нь цэнгээний газар болгож хувиргасан баримт бий. Үүнээс хойш 2014 оны долоодугаар сард Монголын зохиолчдын эвлэлийн байрны гуравдугаар давхарт уг музейг шинээр нээж байсан ч 2017 онд татан буугдсанаар өдгөө эд өлгийн зүйлс, үзмэрүүд нь номын сангийн жижигхэн өрөөнд хав дараатай байгаа гэх. Түүнээс хойш гурван танхим бүхий музейн байрыг харуул хамгаалалтын албаны байр болгосон. Амьдарч байсан гэр музей нь ийнхүү хаалгаа барьж, үзмэр нь хадгалалтын стандартгүй өрөөнд цоожлогдсон. Шалтгаан нь гэвэл музейг зорих хүнгүй болж, үр ашиггүй зардал гарах болсон гэж тайлбарлаж байв. Анх ЗСБНХУ-ын Элчин сайдын өндөр яамыг барихад тэнд Д.Нацагдоржийн амьдарч байсан модон байшин бүхий гэр нь байсныг зохиолчдын хорооны аж ахуйн хашаа руу зөөж барьсан.
Өдгөө музейн үүд хаалга цоожтой хэвээр. Харин МЗЭ-ийн удирдлагуудын зүгээс найман жилийн хугацаатай түрээсэлж байгаа бөгөөд орлогоор нь музейн барилгыг засварлана гэж мэдэгдсэн.
Үр дүн нь хэрхэн гарахыг хүлээж суухаас өөр аргагүй. Музейн үйл ажиллагааг, их Д.Нацагдоржийн уран бүтээлийн талаар өргөн цар хүрээтэйгээр сурталчлан таниулж, үзэгчдийг татахын оронд дэмий зарлага гарч байна гэх шалтгаанаар үндэсний уран зохиолоо сэргээлцсэн эрхэм хүнийхээ музейн хаалгыг түгжчихээд нүдэн балай, чих дүлий суугаа ард манайхаас өөр үгүй.

Яруу найрагч Р.Чойномын “Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд” хэмээх нэгэн шүлэг бий. Уг бүтээлд зохиолчийн хөшөөг буруу газарт байрлуулсны улмаас шувууны сангаст дарагдаж, эргэн тойронд нь зэрлэг ургамал хүрээлсэн тухай өгүүлдэг. Уг хөшөөг 1966 онд зураач Л.Махбалын зураг төслөөр Хотын соёл амралтын парк буюу одоогийн Үндэсний соёл амралтын хүрээлэнд босгожээ. Хөшөөнд Нацагдоржийг гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж байгаа байдлаар дүрсэлж, суурины урд хананд “Миний нутаг” шүлгийн хэсгээс худам бичгээр сийлсэн байдаг. Харин 2013 он буюу нийслэлийн захирагч асан Э.Бат-Үүлийн захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 103 дугаар тогтоолоор тус хөшөөг В.И.Лениний хөшөөний суурин дээр шилжүүлэн байрлуулсан. Үнэндээ нийслэлийн төв цэцэрлэгт хүрээлэнгийн саад гэж байгаа боловч зочид буудлын үүдэнд эл хөшөөг аваачиж суулгав. Уран бүтээл, музейн адил тэнүүчлэл Д.Нацагдоржийн хөшөөнөөс ч салсангүй.
Хамгийн гол нь хөшөөг зохирох газарт нь байрлуулаагүйд учир бий. Чухамдаа Д.Нацагдоржийн хөшөө Монголын Драмын театрын урд талбайд зохих байр сууриа олно. Эл театр бол Д.Нацагдоржийн нэрэмжит бөгөөд “Учиртай гурван толгой” жүжиг нь театрын урлагийн үнэмлэхүй “идеал” билээ.
Түүнийг нутаглуулахад гэргий асан Д.Пагмадулам, хоёр хятад хүн л булшных нь дэргэд зогсож байсан гэдэг. Өдгөө хөшөөнд нь ч тэр хойморт нь зочид буудлын гэрэл гялалзаж, хажууханд нь нийтийн бие засах газар байрласан алга дарам тойрог л оногджээ. Үнэндээ Д.Нацагдоржийн хөшөө театрынхаа урд, харин тус театрын өмнө буй, Монголын төрийг дөчин жил удирдсан түшээ Ю.Цэдэнбалын хөшөө “Тусгаар тогтнолын ордон”-ыхоо урд байрлах нь зохистой, илүү утга учиртай юм.
Дэлхийн жишгээс үзвэл оросын их зохиолч Фёдор Достоевскийн хөшөө Улсын номын сангийнх нь үүдэнд бий. Харин Александр Пушкинаа Хотын соёлын төв буюу урлагийн ариун газар хэмээн үздэг орон зайдаа залжээ. Францчууд яруу найргийн эцэг, символизмын оргил болсон Шарль Бодлерын хөшөөг Люксембургийн цэцэрлэгт байршуулсан нь мөн л утга учиртай. Угтаа тус цэцэрлэг бол Парис хотын модерн сэтгэлгээний төв билээ. Энэ мэтчилэн энэтхэгчүүд оюун санааны эцэг, агуу найрагч Рабиндранат Таагүрын хөшөөг Колката хотын Жорасанко дахь төрсөн гэрийнх нь үүдэнд босгосон бол Аргентинчууд суут Борхесийн хөшөөг БуэносАйрес хот дахь өөрийнх нь захирлаар ажиллаж байсан Үндэсний номын сангийн дэргэд байршуулжээ.
Цаашилбал англичууд жүжгийн зохиолын мөнхийн алдартан Уильм Шекспирын хөшөөг Стратфор-апонЭйвон хот буюу төрсөн гэрийнх нь дэргэд, францууд романч Оноре дэ Бальзакаа дэлхийн I дүгээр дайны дараах утга зохиол, урлагийн шинэчлэлийн голомт болсон Монпарнаст залсан зэрэг жишээ дуусахгүй хөвөрнө.
Энэ онд Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Засгийн газраас тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Гэвч элдэв хоосон магтаал урсгаж, мөнгө цувуулсан үйл ажиллагаа зохион байгуулж, ёс юм шиг шүлгийн мөрүүдээс нь дуудан загвар үзүүлэх аядаж байснаас энэ мэтчилэн бодитой алхмуудыг хийж Д.Нацагдоржийнхоо хөшөөг ядаж тэнүүлчилдэг байдлаас нь салгаж, зохирох газарт нь тавих учиртай.
Монгол хэмээх нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай хэмээн учирласан их зохиолчийн хөшөө ядаж зочид буудлын урдах мод, бутаар халхлагдсан газраас сугарч үндэсний ухамсрын чухал түүхийг эхэлж амилуулсан, өдгөө ч түүнийг нь хадгалсаар буй зохих ёсны газартаа залрах болтугай.