
Япон улс Ойрхи Дорнодын эрчим хүчний хямрал гүнзгийрч болзошгүй нөхцөлд стратегийн нөөцөөсөө түүхэндээ хамгийн их хэмжээтэйд тооцогдох нефть гаргахаар болжээ.
Ерөнхий сайд Санаэ Такаичи ойролцоогоор 80 сая баррель нефтийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэхээ мэдэгдсэн байна. Энэ нь Японы 45 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.
Японы Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшлийн нөөцөөс 15 хоногийн хэрэглээтэй тэнцэх нефть гаргахыг зөвшөөрсөн нь Ормузын хоолойд танкеруудын хөдөлгөөн саатах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой юм. Төрийн өмчит нөөцөөс гаргах ажиллагаа пүрэв гарагт эхэлнэ гэж Такаичи мэдэгдсэн байна.
Япон улс нефтийнхээ 90 гаруй хувийг Ойрхи Дорнодоос импортолдог тул тус бүс нутгийн тогтворгүй байдлаас эмзэг хамааралтай.
Такаичи мөн Дональд Трампын Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчнийг бүс нутагт илгээх саналд татгалзсан бөгөөд Японы дайны дараах үндсэн хууль ийм ажиллагааг хориглодог гэж тайлбарлажээ.
Нийтдээ 80 сая баррель нефть гаргах нь 2011 оны Фүкүшимагийн цөмийн ослын дараах гаргасан хэмжээнээс 1.8 дахин их юм. 2025 оны эцсийн байдлаар Япон улс 470 сая баррель буюу 254 хоногийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байжээ.
Засгийн газар шатахууны үнийг литр тутамд ойролцоогоор 170 иен (1.10 ам.доллар) байлгахын тулд татаас олгож эхэлсэн байна. Үүнээс өмнө бензиний дундаж үнэ 190.8 иенд хүрч рекорд тогтоосон юм. Харин Ормузын хоолой удаан хугацаанд хаагдаж болзошгүй гэсэн айдас нь иргэдийг ахуйн хэрэглээний бараа, тухайлбал ариун цэврийн цаас нөөцлөхөд хүргэжээ.
Японы Худалдаа, аж үйлдвэрийн яам иргэдийг худал мэдээлэлд авталгүй тайван, зохистой худалдан авалт хийхийг уриалсан байна.
Japan Household Paper Industry Association-ийн мэдээлснээр Японд зарагддаг ариун цэврийн цаасны 97 хувь нь дотоодод үйлдвэрлэгддэг бөгөөд түүхий эдийн хомсдол үүсэх эрсдэл байхгүй аж. Гэсэн ч сошиал сүлжээнд “үнэ огцом өснө” гэсэн болгоомжлол тархаж, зарим дэлгүүрүүдэд түр зуурын хомсдол ажиглагдсан байна.