
Гренландын Ерөнхий сайд Женс Ниэлсэн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампт хандан “сошиал сүлжээнд санамсаргүй мэдэгдэл хийхийн оронд шууд ярилц” гэж уриаллаа. Трамп өөрийн Truth Social хуудсанд Гренланд руу эмнэлгийн хэрэгслээр тоноглосон АНУ-ын эмнэлгийн хөлөг илгээж, “өвчтэй, анхаарал халамжгүй үлдсэн олон хүнд тусална” гэж бичсэн юм.
Ниэлсэн “манайхаас бол үгүй гэж хариулна” гээд, Гренланд иргэддээ үнэгүй нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, харин АНУ-д эмчид үзүүлэх нь төлбөртэй байдгийг онцолжээ.
Трамп өмнө нь Арктикийн энэхүү өргөн уудам арлыг өөрийн болгох сонирхолтойгоо илэрхийлсээр ирсэн. Тэрээр хүчээр авахгүй гэж өнгөрсөн 1-р сард мэдэгдсэн ч, дараа нь АНУ–Гренландын “ирээдүйн хэлэлцээрийн хүрээ”-г зарласан. Гэхдээ Дани болон НАТО-гийн холбоотнууд бүрэн эрхт байдлыг шилжүүлэхгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн юм.
Трампын постод АНУ-ын Тэнгисийн цэргийн эмнэлгийн хөлөг USNS Mercy-ийн (хоёр хөлгийн нэг) зураг багтсан байв. Гэвч яг аль хөлгийг, ямар үндэслэлээр илгээхээр болсон нь тодорхойгүй байгаа аж.
Хоёр удирдагчийн мэдэгдэл нь Нуук хотын ойролцоох АНУ-ын шумбагч хөлгөөс яаралтай эмчилгээ шаардсан багийн гишүүнийг Данийн Хамтарсан “Арктикийн Командлал” нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээллийн дараахан гарсан ч, энэ хоёрын хооронд холбоо байгаа эсэх нь тодорхойгүй байна.
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Ванс Европын орнууд “олон зүйл дээр буулт хийхэд бэлэн” гэж мэдэгдсэн ч “ирээдүйн хэлэлцээр” тодорхойгүй хэвээр байгаа юм.