
Орос улс багадаа 2.3 сая ажилтны хомсдолтой тулгараад байна. Дайн даамжирснаар улам хурцадсан хөдөлмөрийн хямралаа шийдэх гарц нь азийн хямд ажиллах хүчин гэж оросын эрх баригчид үзсэн бололтой.
Спортын цүнх үүрсэн, илт ядарсан төрхтэй энэтхэг эрчүүдийн бүлэг Москвагийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх буудлын паспортын хяналтаар нэвтэрч байв. Тэд 2700 гаруй миль урт замыг туулж, Узбекистанаар дамжин Орост ажил хийхээр иржээ.
“Би нэг жилийн гэрээтэй. Хог хаягдлын салбарт ажиллана. Цалин нь ч сайн” гэж тэдний нэг Ажит англиар хэлжээ. Төв Азиас ирдэг уламжлалт гадаад ажиллах хүчний хүрэлцээ хангалтгүй болсон тул Москва Энэтхэг рүү хандаж, хоосон орон зайг нөхөхийг зорьж байна.
Энэ өөрчлөлт албан ёсны тоон мэдээллээс бүр ч тод харагдана. 2021 онд, өөрөөр хэлбэл Орос Украинд цэргийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө ойролцоогоор 5000 ажиллах зөвшөөрлийг энэтхэг иргэдэд олгож байжээ. Харин өнгөрсөн жил энэ тоо огцом өсөж, бараг 72 000 ажиллах зөвшөөрлийг энэтхэг иргэдэд олгосон нь визтэй цагаач ажилчдын жилийн нийт квотын бараг гуравны нэгийг эзэлжээ.
“Одоогоор Энэтхэгээс ирсэн гадаад ажилчид хамгийн эрэлттэй байна” гэж энэтхэг ажилчдыг зуучилдаг компанийн захирал Алексей Филипенков хэлэв.Түүний хэлснээр хуучин Зөвлөлтийн Төв Азийн орнуудаас (виз шаардлагагүй) ирдэг ажилчид хангалттай тоогоор ирэхээ больжээ. Гэсэн ч албан ёсны мэдээллээр өнгөрсөн жил визгүй 2.3 сая орчим хууль ёсны гадаад ажилчдын дийлэнхийг тэд бүрдүүлжээ. Гэвч рублийн ханш сулрах, шилжилт хөдөлгөөний хууль чангарч, Оросын улс төрчдийн цагаачдын эсрэг хурц үг хэллэг нэмэгдэх нь Төв Азийн ажилчдын тоог бууруулж, Москваг бусад орноос ажиллах хүч авах квотоо нэмэгдүүлэхэд хүргэжээ.
Энгийн ур чадвар шаардсан ажилд Энэтхэгийг сонгож буй нь Москва, Шинэ Делигийн батлан хамгаалах болон эдийн засгийн нягт харилцаатай холбоотой.
Барууны хориг арга хэмжээний улмаас Орос бусад зах зээлд амархан борлуулж чадахгүй болсон нефтийг Энэтхэг хямд үнээр худалдан авч байгаа. Гэхдээ энэ байдал цаашид өөрчлөгдөж болзошгүй.

Ерөнхийлөгч Владимир Путин болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар өнгөрсөн арванхоёрдугаар сард энэтхэг иргэдийг Орост ажиллахад асуудлыг хялбаршуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан. ОХУ-ын Тэргүүн шадар сайд Денис Мантуров тухайн үед Орос улс энэтхэг ажилчдыг “хязгааргүй тоогоор” хүлээн авах боломжтой гэж мэдэгдсэн.
Түүний хэлснээр үйлдвэрлэлийн салбарт 800 000 орчим, үйлчилгээ болон барилгын салбарт дахин 1.5 сая ажилтан шаардлагатай аж.
Москва дахь нэхмэлийн Brera Intex компани хөшиг, орны даавуу оёх ажилд Өмнөд Азиас, түүний дотор Энэтхэгээс 10 ажилчин авчээ. 23 настай энэтхэг залуу Гаурав Орост гурван сар ажиллаж байгаагаа хэлэв. “Энд ажил, мөнгө сайн олно гэж хэлсэн учраас ирсэн” гэж тэр хэлээд, “Оросын амьдрал маш сайн” гэж нэмжээ. Хоёр хүүхдийн эцэг тэрээр Энэтхэгт байгаа гэр бүлтэйгээ өдөр бүр утсаар ярьж, тэднийг санаж байгаагаа хэлдэг байна.
Компанийн эзэн Ольга Луговская ажилчид жишээ загвар, хяналтын тусламжтайгаар ажлаа хурдан сурч, өндөр идэвх санаачилгатай байгааг онцлов. “Зарим нь анх ирэхдээ оёдлын машиныг яаж асаахаа ч мэдэхгүй байсан. Гэхдээ хоёр, гурван сарын дараа бэлэн бүтээгдэхүүн оёж чадна гэдэгт нь итгэж болдог болсон” гэж Ольга Луговская хэлжээ.
Москвагаас гаднах Сергиевский ферм мөн энэтхэг ажилчдад тулгуурлаж, тэднээр хүнсний ногоо боловсруулах, савлах ажлыг гүйцэтгүүлдэг. Сарын дундаж цалин нь ойролцоогоор 50 000 рубль (660 ам.доллар) бөгөөд ийм цалингаар орон нутгийн орос иргэд ажиллахгүй гэж тус ферм мэдэгджээ.
“Би энд, Сергиевскийд нэг жил ажиллаж байна” гэж Энэтхэгийн Пунжаб мужаас гаралтай 23 настай Сахил сэтгүүлчид хэлээд “Энэтхэгт цалин бага, харин энд их” гэдгийг онцолсон байна.
АНУ-ын зүгээс Энэтхэгийг Оросын нефтийн худалдан авалтаа зогсоохыг шахаж байгаа. Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сард зарласан АНУ-Энэтхэгийн худалдааны хэлэлцээртэй холбоотойгоор Москвагийн энэтхэг ажилчдад хандах сонирхлыг бууруулж болзошгүй юм.
Гэсэн ч Шинэ Дели нефтийн худалдан авалтаа өөрчлөх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд Москва аливаа зөрчил үүссэн гэх таамгийг няцаасаар байгаа билээ.