
АН-аас долоо хоног бүрийн пүрэв гаригийн 11.00 цагаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн хурал хийдэг. Энэ удаагийн "4:11 мэдээллийн цаг"-аараа 2027 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: -Ерөнхий сайд "Ерөнхий сайдын есөн шийдвэр" нэртэй рийл хийж төсвөө танилцуулсан. Харин бид бүхэн есөн шид нь бүрдсэн төсөв гэж харж байгаа. Яагаад энэ бол сонгуульд зориулсан төсөв. Зарлага нь арван их наядаар нэмэгдсэн. Энэ төсөв иргэдийн халаасыг тэмтэрсэн, инфляцыг улам нэмэгдүүлсэн төсөв болно.
Мөн Баялгийн сангийн тухай хуулиа зөрчих гэж байна. Оюу Толгойгоос орж ирэх гурван их наяд бол ард түмэнд очих ёстой мөнгө. Гэтэл дарга нар иргэдийнхээ өмнүүр орж энэ мөнгийг төсөвт оруулж ирээд дэд бүтцийн төслүүдэд зарцуулах боломжгүй. Хуримтлалтын сан, иргэдийн нэрийн дансанд байрших ёстой мөнгө.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: -Сүүлийн үеийн Засгийн газрууд зөвхөн PR-аар ажлаа хийдэг болсон. Тэгнэ, ингэ гэж амладаг, урьдчилж зарладаг болсон. Үр дүнд нь иргэдийн худалдан авах чадвар буурч байна. 2020 оноос хойш 2027 оны төсвийн төслийг тооцвол нийт зарлага нь 208 их наяд 839 тэрбум төгрөг байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийн зарлага 10 дахин өслөө. Харин иргэдийн худалдан авах чадвар, амьдралын чанар 10 дахин нэмэгдсэнгүй.