
Фрибурын олон улсын кино наадам Швейцар улсын Фрибур хотноо энэ сарын 20-29-нд болно. Тус наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино “Long Films” олон улсын уралдаант хэсэгт шалгарч, наадмын хүрээнд үзэгчдэд хүрэхээр товлогджээ.
Энэхүү кино Кино урлагийг дэмжих сангийн 2024 оны сонгон шалгаруулалтаар шалгарч бүтээлийн тодорхой хувьд санхүүжилт авсан юм. Тус бүтээл 29 дэх удаагийн Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарч, NETPAC шагналын эзэн болсон.

Зохиолч Б.Хишигжаргалын "Сэтгэлийн зураас" нэртэй туужаас сэдэвлэсэн “The Muralist” киноны зураг авалт 2024 онд эхэлж, Улаанбаатар хот болон орон нутагт хийсэн байна.