
ОХУ-ын сансрын цэргийн командлагчийн орлогчийг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан талаар хэвлэлүүд мэдээллээ. Энэ хэрэг нь Орос, Крымийг холбосон гүүр бөмбөгдүүлсэн зэрэг агаарын довтолгооноос хамгаалах системийн томоохон доголдлууд илэрсний дараа болж байна.
Цэргийн шүүхийн цахим хэргийн бүртгэлд дурдсанаар, хурандаа генерал Юрий Греховыг шүүхийн өмнөх хорих ангид саатуулжээ.
Түүнд ямар зүйл ангиар хэрэг үүсгэснийг бүртгэлд тодорхой дурдаагүй боловч “Коммерсантъ”, RBC зэрэг бизнесийн мэдээллийн хэвлэлүүд авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа хэмээн мэдээлсэн байна. RBC-ийн мэдээлснээр, Грехов уг буруутгалыг няцаажээ. Өдгөө 64 настай Грехов өмнө нь Агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах хүчний командлагчаар ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд нисэх онгоц, пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон бусад зэвсгийн хангалт, бэлэн байдлыг хариуцаж байв.
Фронтын шугам зогсонги байдалд байгаа энэ үед Орос, Украин хоёр улс цэрэг, эрчим хүч, худалдааны объектуудад алсын тусгалт агаарын цохилт өгөх нь улам нэмэгдэж байна.
Украин энэ онд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хүчтэй цохилт өгч, үйлдвэрлэлийг нь эрс бууруулаад байгаа юм. Мягмар гарагт Украины тал Оросын цэргийн томоохон агаарын баазад цохилт өгч, Украин руу пуужин, бөмбөг хөөргөхөд ашигладаг таван онгоцыг гэмтээснээ мэдэгджээ.
Дайн эхэлснээс хойш Орос улс батлан хамгаалах салбарын өндөр албан тушаалтнуудын эсрэг авлигын хэд хэдэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд зарим албан тушаалтан олон жилийн хорих ял авчээ.